Шри Ланкийн эрх баригчид нийслэл Коломбо хотын олон улсын нисэх онгоцны буудал дээр 110 гаруй килограмм каннабис авч явсан хэрэгт Буддын шашны 22 ламыг холбогдуулан баривчилсан талаар мэдээлжээ.
Энэ нь тус буудалд бүртгэгдсэн хамгийн их хэмжээний хар тамхины хэрэг болоод байгаа аж.
Төрийн өмчит “Daily News” сонинд мэдээлснээр, Тайландаас буцаж ирсэн эдгээр хүмүүсийн чемодан бүрт 5 кг-аас дээш хэмжээний каннабис байжээ. Уг хэрэг Коломбо хот дахь Бандаранаике олон улсын нисэх онгоцны буудалд болсон байна.
Цагдаагийн байгууллагаас мэдээлснээр, уг ажиллагааг урьдчилсан мэдээлэлд үндэслэн явуулсан бөгөөд хар тамхийг ачаа тээшний тусгайлан өөрчилсөн давхарын ёроолд нууж тээвэрлэсэн байжээ.
Засгийн газрын албан ёсны мэдээллийн порталд дурдсанаар, хураасан мансууруулах бодисын нийт үнэлгээ 3.45 сая ам.доллар (ойролцоогоор 1.1 тэрбум рупи)-оос давсан аж.
Шри Ланка улсад хар тамхитай холбоотой гэмт хэрэгт хатуу ял шийтгэл оногдуулдаг аж. Нисэх онгоцны буудлуудад хууль бус эд зүйл илрүүлэх дэвшилтэт технологи нэвтрүүлсэн талаар Их Британийн Гадаад хэргийн яам мэдээлжээ.
Ийм төрлийн хэрэгт холбогдсон этгээдүүдийг яллахгүйгээр удаан хугацаанд саатуулах, эсвэл буруутай нь тогтоогдвол урт хугацааны хорих ял оноох боломжтой байдаг аж.
Төрийн өмчит “Daily News” сонинд мэдээлснээр, нисэх онгоцны буудал дээр хууль бус мансууруулах бодис тээвэрлэж явсан буддын лам нарыг баривчилсан тохиолдол анх удаа бүртгэгджээ.
Баривчлагдсан хүмүүс нь Шри Ланкийн янз бүрийн бүс нутгаас ирсэн залуус бөгөөд дөрөвдүгээр сарын 22-нд ивээн тэтгэгчийн олгосон тийзээр Тайланд руу зорчсоныг цагдаагийн мөрдөн шалгах албанаас тогтоосон байна.
Шри Ланкийн Цагдаагийн мансууруулах бодистой тэмцэх газар уг хэрэг орон нутгийн хар тамхины сүлжээтэй холбоотой эсэхийг шалгаж байгаа аж.
Баривчлагдсан лам нарыг мөрдөн шалгах болон шүүхийн шийдвэр гаргуулахаар Негомбо дүүргийн магистратын шүүхэд шилжүүлэхээр болсон талаар төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ.
Эх сурвалж: CNN













































































