АНУ-ын тусгаар тогтнолын 250 жилийн ойг тохиолдуулан одоогийн Ерөнхийлөгч Дональд Трам-ын дүрстэй паспортын тусгай цувралыг гаргахаар болжээ.
Эдгээр паспортыг АНУ-ын нийслэл Вашингтон дахь паспортын агентлаг анх олгох бол онлайн, эсвэл бусад салбараар захиалсан иргэд стандарт загварын паспорт авах юм байна.
Шинэ загварын дагуу паспортын нүүрний дотор талд Трампын хөрөг болон түүний алтадмал өнгөтэй гарын үсгийг байрлуулах аж.
Харин арын нүүрэнд америк зураач Жон Трамбуллын “Тусгаар тогтнолын тунхаг” бүтээлийн хэсгийг дүрслэхээр төлөвлөжээ. Энэ паспортыг хэдэн ширхэг хэвлэх нь одоогийн байдлаар тодорхойгүй байгаа аж.
Одоогийн стандарт паспортын загварт зураач Эдвард Перси Мораны бүтээл бий. Уг зурагт АНУ-ын төрийн дууллын үгийг бичсэн Фрэнсис Скотт Кийн дүрийг Форт МакХенригийн бөмбөгдөлтийн дараах үеэр дүрсэлсэн байдаг.
Мөн гуравдугаар сарын 26-нд гарсан мэдээллээр Трампын гарын үсэг тусгаар тогтнолын 250 жилийн ойд зориулсан 100 ам.долларын дэвсгэрт дээр ч байрлах нь. Энэ нь сүүлийн 165 жилд анх удаа Сангийн яамны албан тушаалтны гарын үсгийг орлох тохиолдол болох аж.
Түүнчлэн АНУ-ын Дүрслэх урлагийн комисс 24 каратын алтан зоос гаргахыг зөвшөөрсөн байна. Уг зоосон дээр Трампыг ширээний ард гараар зангидсан байдалтай зогсож буйгаар дүрсэлж, “Liberty” (Эрх чөлөө) гэсэн бичигтэй байхаар төлөвлөжээ.
2025 оны аравдугаар сард Трампын засаг захиргаа тус комиссын бүх гишүүдийг чөлөөлж, өөрт нь үнэнч хүмүүсийг томилсон байна.
Мөн АНУ-ын Энхийн хүрээлэн Трампын нэрээр нэрлэгдэж, Кеннедийн нэрэмжит Урлагийн төв “Дональд Ж.Трамп болон Жон Ф.Кеннедийн нэрэмжит урлагийн төв” болж өөрчлөгджээ.
Үүнээс гадна Трамп АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчинд зориулсан шинэ ангиллын “Трамп” нэртэй хоёр байлдааны хөлөг онгоц бүтээх төлөвлөгөөг зарласан байна.
Эх сурвалж: DW













































































