Монгол Улсын Ерөнхийлөгч асан Цахиагийн Элбэгдорж өнөөдөр /2026.4.24/ Clubhous-т “Ерөнхийлөгч хаанчилдаг уу” сэдвээр өөрийн байр суурийг илэрхийлэв. Түүний хэлсэн онцлох эшлэлүүдээс хүргэж байна.
Тэрбээр “Л.Оюун-Эрдэнэ намайг 12 жил ярьж байна. УИХ-аас тэр явах ёстой. Л.Оюун-Эрдэнийг баастсан нүүрээ угаах гэж байна гэж харж байна. Монголын парламентад хутга ханцуйлж явдаг хүн суух ёсгүй. Ард түмний тунгалаг оюун санааг ахтайгаа нийлж хордуулсан. Тийм хүн сууснаар иргэдийн итгэл алдарна.
Хэвлэлийн эрх чөлөө түүнийг засаглаж байх таван жилд 60 байр ухарсан. Монголын төр улсаа иддэг үр могой болсон. УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох хуулийг Ерөнхийлөгчөөс өөр хэн ч санаачлахгүй. Хариуцлага тооцох хэрэгтэй.
Тэмцдэггүй ард түмэн мөхдөг гэдэг. Манжийн үед ч ингэж байгаагүй. Жамбын Батмөнх гуай тэмцлийг Л.Оюун-Эрдэнэ шиг булаасан бол Монгол Улс ардчиллын замаар явахгүй байсан. Л.Оюун-Эрдэнэ парламентын дархлааг устгаж байна. Түүн шиг эрх мэдэлтэй сайд байгаагүй. Ямар ч Ерөнхий сайд Үндсэн хуульд хоёр удаа гар дүрж байгаагүй.
УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүн болох гэж уралддаг болсон. УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүн болтлоо Засгийг огцруулна.
Манайд угаадас долоох уяаны нохой байвал хэн ч түүнийг ашиглана.
УИХ-д байхдаа би санал оруулж байсан. Монгол Улсын эрх ашгийн эсрэг үйлдэл хийж, зогсоохгүй байх зэрэг үйлдлийг гэмт хэрэгт тооцох хэрэгтэй. Хэрэг бүрд ял үүрүүлэх бодлого хэрэгтэй. Үүнийг эхлээд Эрүүгийн хуульд тусгах хэрэгтэй гэдэг байр суурьтай байсан.
Ардчиллын үндсэн зарчмаар гурван эрх мэдлийг салгах ёстой. Шүүх эрх мэдэл, хууль тогтоох байгууллага (УИХ), гүйцэтгэх эрх мэдлийг тодорхой зааглах хэрэгтэй.
Миний баримталдаг зарчим бол Ерөнхий сайд болон Шадар сайд нар л УИХ-ын гишүүн байж болно, бусад нь байх шаардлагагүй гэж үздэг. Үнэхээр эрх мэдэл салгах зарчим алдагдаж байна.
Парламентын халдашгүй байдал гэдэг нь гэмт хэргийн хамгаалалт биш. Харин улс төрийн дарамтаас хамгаалах хамгаалалт юм. Манайд үүнийг буруу ойлгож, гэмт хэргийн хамгаалалт болгож байна.
Улс төрд орсон бол өөрийн баримталж буй үзэл санаандаа үнэнч байх ёстой. Монголын коммунистууд улсын эрх ашгийн төлөө юунд ч гар хүрэхээс татгалздаггүй байсан.
Тэдний өшөө авах ёстой хүмүүсийн тоонд хамгийн түрүүнд би байсан. 1994 онд би өөрийн хүсэлтээр өргөдлөө өгч, албан тушаалаасаа огцорч байсан. Надад 4 жил 4 сарын ял төлөвлөж байсан ч гэм буруугүй нь тогтоогдож, цагаатгасан. Ингэснээр УИХ-ын гишүүн болох эрх дахин сэргэсэн.
Үндсэн хуулийг дур мэдэн өөрчилж болохгүй. Жинхэнэ ардчилсан орнууд нэмэлт, өөрчлөлт хийж явдаг. Харин манайд шинэчлэл нэрийн дор саажилт үүсгэж байна. Хүссэн болгон нь гар дүрж байна.
Үндсэн хууль бол алганд багтах эх орон. Гэтэл тэр эх орны 50 хувь нь алдагдсан. Ухаалаг хүн бол гар хүрэхгүй, харин шаардлагатай нэмэлт өөрчлөлтийг л хийнэ.
Өнгөрсөн хугацаанд хийсэн хоёр удаагийн өөрчлөлт Монголын ардчилалд сөргөөр нөлөөлсөн. Бид хэлсэн үгийнх нь араас биш, хийсэн үйлдлийнх нь араас хөөцөлдөх хэрэгтэй. Үүнд хариуцлага тооцохгүй бол цаашид юу ч хийсэн үр дүнгүй.
Би Шилэн дансны хуулийг ардчиллын үнэт зүйлийг бэхжүүлэх зорилгоор санаачилсан. Гэвч түүний 50–60 хувийг хассан байсан.
Би ганцхан зүйлийг хэлье. Ерөнхийлөгч болоод хүн өөрчлөгддөггүй. Хулгайч байсан бол хулгайч хэвээрээ л байна.
Ямар азаар Ерөнхийлөгчийг ард түмэн сонгодог юм бэ гэж боддог. Хэрвээ УИХ-аас сонгодог байсан бол зүгээр л нэг жорлон зүлгэгч гарч ирэх байсан.
Шүүхийн бүх шийдвэр нээлттэй болсон. Иргэн бүр танилцах боломжтой болсноос хойш тодорхой хэмжээний чанарын өөрчлөлт гарсан.
Хулгай хийсэн гэх үндэслэлээр мөрдөгдөж байгаа хүн өөрөө УИХ-ын гишүүнээс татгалзаж, өргөдлөө өгч огцрох ёстой.
Хамгийн гутамшигтай зүйл бол төрийн нэр хүндийг унагааж, гэмт хэрэг хийчихээд түүнийгээ хүлээхгүй, хэлмэгдсэн мэтээр ярих.
Монголын ардчиллын алтан үе бол 1989–1990 он.
Тэр үед ардчилал бодит утгаараа хэрэгжсэн. Гэвч Монголын ардчилал хууль тогтоох түвшинд бүрэн төлөвшиж чадалгүй ирсэн. Ардчилал бий болох үед олон сайн өөрчлөлт хийгдсэн.
Түүний үр дүнд л ардчилал өнөөгийн түвшинд хүрсэн. Ухаантнууд хувьсгалыг хийж, адгийн шаарнууд үр шимийг нь хүртдэг гэх үг бий” гэв.











































































