Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев мягмар гарагт “Казахстан болон Монгол Улс хоёр орныг холбосон шинэ авто зам барихаар тохиролцлоо” гэж мэдэгджээ.
Тэрбээр Астана хотод Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхтэй хийсэн хэлэлцээний дараа хэвлэлд мэдээлэхдээ “Бид Казахстан, Монголыг шууд холбох сонирхолтой байгаагаа баталлаа. Манай улсуудыг холбох авто зам барих шаардлагатай гэдэг дээр нэгдсэн ойлголцолд хүрсэн” гэж хэлсэн байна.
Токаев уг төслийг “нарийн төвөгтэй, иж бүрэн судалгаа шаардсан” ажил гэж тодорхойлжээ.
Тэр “Хамгийн чухал нь бид нэг зорилгод хүрэхийг зорьж байна. Иймээс Монголын талтай урьдчилсан шатанд Засгийн газар хоорондын хамтарсан ажлын хэсэг байгуулахаар тохиролцсон.
Энэ ажлын хэсэг нь бүх төвөгтэй асуудлыг нарийвчлан судалж, хөрш орнуудтай хэлэлцээ хийх, төслийн хэрэгжилтийн хугацаанд хяналт тавих үүрэгтэй” гэж хэлсэн байна.
Казахстаны Ерөнхийлөгчийн хэлснээр, энэхүү авто зам нь хоёр улсын худалдааг эрчимжүүлэх хүчтэй түлхэц болж, дамжин өнгөрөх боломж нь хөрш орнуудад ч бодит ашиг авчрах аж.
Одоогийн байдлаар Казахстанаас Монгол руу чиглэсэн гол хуурай замын маршрут нь
Өскемен (Усть-Каменогорск)
ОХУ-ын Рубцовск, Барнаул хотууд
Туекта суурингаар дамжин өнгөрдөг байна.
Казахстан нь Төв Азид Монголын эдийн засгийн гол түншүүдийн нэг. Монголын Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр, 2025 онд хоёр улсын худалдаа 7.7 хувиар өсөж, 58.4 сая ам.долларт хүрсэн байна.
Эх сурвалж: INTERFAX












































































