АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын дарга Ши Жиньпинд илгээсэн захидалдаа Иранд зэвсэг нийлүүлэхгүй байхыг хүсчээ. Ши Жиньпин хариу захидалдаа “Бээжин Тегеранд зэвсэг нийлүүлээгүй” гэж мэдэгдсэн талаар тэрбээр Fox Business Network-т лхагва гарагт өгсөн ярилцлагадаа хэлсэн байна.
Трамп мягмар гарагт бичигдсэн уг ярилцлагад захидлууд яг хэзээ солилцогдсон талаар тодорхой хэлээгүй аж. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт Иранд зэвсэг нийлүүлсэн улс орнуудад шууд 50 хувийн татвар ногдуулна гэж анхааруулсан билээ.
Трамп FBN-ийн “Mornings with Maria” нэвтрүүлэгт оролцохдоо “Би түүнд ийм зүйл хийхгүй байхыг хүссэн захидал бичсэн. Тэр хариу бичихдээ үндсэндээ тийм зүйл хийхгүй байгаагаа хэлсэн” хэмээн ярьжээ.
Мөн тэрбээр Ирантай холбоотой дайн болон Венесуэлд гарч буй өөрчлөлтүүд дэлхийн газрын тосны зах зээлд нөлөөлсөн ч ирэх сард Ши Жиньпинтэй хийхээр төлөвлөсөн уулзалтын явцад нөлөөлөхгүй гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна.
Трамп “Түүнд нефть хэрэгтэй. Харин бидэнд хэрэггүй” гэж хэлжээ.
Дараа нь тэр Truth Social-оороо дамжуулан Ормузын хоолойг “байнгын нээлттэй болгож байна” гэж мэдэгдсэн бөгөөд “Хятад үүнд ‘маш их баяртай’ байгаа3 гэж онцлон бичсэн байна.
Тэр “Би үүнийг тэдний төлөө, мөн дэлхийн төлөө хийж байна” гэж бичээд, “Хэдэн долоо хоногийн дараа очиход Ши Жиньпин намайг маш халуун дотноор тэвэрнэ” хэмээн нэмж өгүүлсэн байна.
Гэсэн ч Трампын энэ мэдэгдлийн утга тодорхой бус хэвээр буй бөгөөд Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх тээвэр одоогийн байдлаар бүрэн хэвийн болоогүй байгаа билээ.
Ираны Хувьсгалт гвард хоолойг хаасан гэж мэдэгдсэнээс хойш 45 хоног өнгөрсөн ч тээвэр хэвийн түвшинд хүрээгүй, дайнаас өмнөх өдөрт 130 гаруй хөлөг нэвтэрдэг байсан бол одоо үүнээс хавьгүй бага байгаа талаар эх сурвалжууд мэдээлжээ.
Трамп мөн Ирантай дайныг зогсоох хэлэлцээ энэ долоо хоногт дахин эхэлж магадгүй гэж хэлсэн. Гэвч өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон яриа хэлэлцээ ямар нэгэн тохиролцоонд хүрэлгүй дууссан.
Үүний зэрэгцээ АНУ Ираны боомтуудаас гарч буй усан тээврийг бүслэн хаасан. АНУ-ын цэргийн мэдэгдсэнээр, энэ нь тус улс руу болон түүнээс далайгаар хийгдэх худалдааг бүрэн зогсоожээ.
Эх сурвалж: REUTERS













































































