Монголын Үндэсний Олимпын Хорооны Гүйцэтгэх зөвлөлийн хурал цахим болон танхим хосолсон хэлбэрээр амжилттай зохион байгуулагджээ.
IX чуулганаар сонгогдсон шинэ бүрэлдэхүүн анхны хурлаа хийж, үйл ажиллагаагаа эхлүүлэн, байгууллагын цаашдын чиг хандлагыг тодорхойлох хэд хэдэн чухал шийдвэрийг баталсан байна.
Юуны өмнө МҮОХ-ны Гишүүдийн хурлыг 2026 оны 5 дугаар сарын 7-ны өдөр зохион байгуулахаар товлосон аж. Мөн байгууллагын бүтцийг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж, удирдлагын чадавхыг нэмэгдүүлэх хүрээнд Ерөнхий менежерийн орон тоог бий болгожээ.
Үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор салбар комиссууд байгуулахаар шийдвэрлэсэн нь бодлого хэрэгжилтийг илүү шуурхай, оновчтой болгох ач холбогдолтой аж.
Ирэх томоохон наадмуудын бэлтгэл ажлын хүрээнд багийн удирдлагын асуудлыг мөн хэлэлцжээ. Айчи-Нагояа 2026 Азийн наадамд оролцох Монголын багийн ахлагчаар өмнө нь томилогдсон Х.Булгантуяагийн шийдвэр хэвээр үргэлжилж байгаа аж.
Монголын талаас 500 гаруй тамирчин оролцохоор төлөвлөж, тэмцээн олон хотод зэрэг зохион байгуулагдах онцлогийг харгалзан, багийн удирдлагын бүтцийг өргөтгөж, Х.Баттулгыг багийн ахлагчаар нэмж томилжээ.
Түүнчлэн Лос Анжелес 2028 Олимпын бэлтгэлийг эртнээс системтэй эхлүүлэх хүрээнд Я.Содбаатар-ыг Монголын багийн ахлагчаар томилсон байна.













































































