Монголын эмэгтэй бөхчүүд Азийн аварга шалгаруулах Бишкек-2026 тэмцээнд бахдам амжилт үзүүллээ.
Бишкек хотноо болсон чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах “Бишкек-2026” тэмцээнд Монгол Улсын эмэгтэй тамирчид өндөр амжилт гаргаж, нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртэн, эх орондоо нийт таван медаль авчрав.
Тэмцээний 76 кг-ын жинд Олон улсын хэмжээний мастер Э.Даваанасан алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлэв. Харин 57 кг-ын жинд ОУХМ Б.Хулан мөнгөн медаль зүүж, амжилтын буухиаг үргэлжлүүллээ.
Мөн 55 кг-ын жинд О.Ариунзаяа, 62 кг-ын жинд МУГТ С.Цэрэнчимэд, 68 кг-ын жинд ОУХМ Э.Дэлгэрмаа нар хүрэл медаль хүртэж, Монголын багийн амжилтыг бататгав.
Түүнчлэн 59 кг-ын жинд ОУХМ Х.Болортуяа, 72 кг-ын жинд Э.Одгэрэл нар тавдугаар байрт шалгарч, өрсөлдөөн ширүүн байсныг илтгэсэн.
Багийн дүнгээр БНХАУ тэргүүлж, Япон удаалсан бол Монгол Улсын баг гуравдугаар байрт шалгарч, хүрэл медалийн эзэд боллоо.













































































