Нэгэн бяцхан нярай мэндэлж, амьдралынхаа эхний саруудыг эрчимт эмчилгээний тасагт өнгөрүүлсний дараа гэртээ харих боломжтой болж, “гайхамшиг” бүтээжээ.
Ямар ч гэр бүлийн хувьд шинэ мэндэлсэн нярайгаа тэврээд, эмнэлгээс гарах нь мартагдашгүй мөч байдаг. Харин Талиагийн эцэг, эхийн хувьд энэ сайхан мөч айдас, хүлээлт, өчүүхэн ахиц бүрийг анхааралтай ажигласны дүнд, олон сарын дараа ирсэн байна.
Бяцхан охиныг “King’s College Hospital Dubai”-ийн нярайн эрчимт эмчилгээний тасаг (NICU)-т эмчилж, амьдралын хамгийн эмзэг эхний үеэ даван гарахад эмч нар өдөр, шөнөгүй хяналт тавин ажиллажээ.
Тэрбээр ердөө 22 долоо хоногтой, 400 грамм жинтэй төрсөн бөгөөд тус эмнэлгийн түүхэнд хамгийн “бага насандаа” амьд үлдсэн нярай болсон байна. Судалгаанд энэ хугацаанд төрсөн нярайн амьд үлдэх магадлал ойролцоогоор 28 хувь байдаг гэж дурджээ.
Эмч нар түүний амьд үлдсэн шалтгааныг “Амьдрал, үхлийн яг зааг дээрх тохиолдол” гэж тайлбарласан байна. Нийт 129 хоногийн турш эрчимт эмчилгээ хийлгэсний дараа түүнийг 2025 оны арваннэгдүгээр сарын 17-нд буюу Дэлхийн дутуу төрөлтийн өдөр төрсөн гэж мэдээлжээ.
Бяцхан охин хүндрэлтэй, амнион уут дотор төрсөн тул шууд амьсгалын аппарат, өндөр түвшний амьсгалын дэмжлэг шаардлагатай болсон байна. Мөн халдварын үзүүлэлт өндөр, арьс нь маш нимгэн, тунгалаг, зарим эрхтэн нь бүрэн хөгжөөгүй байжээ.
Гэсэн хэдий ч цаг хугацааны явцад жин нь нэмэгдэж, биеийн байдал нь тогтворжсоор, эцэст нь эмч нар гэрт нь гаргах боломжтой гэж үзсэн байна.
Түүнийг асарсан нярайн эмч Мария Тереза Рейес “Энэ бол амьдрах боломжийн хамгийн хязгаарт төрсөн нярай. Алхам бүр нарийн төлөвлөгөө, туршлага, байнгын хяналт шаардсан” гэж хэлжээ.
Харин Талиагийн ээж Жейд Гасера Кубилло эмнэлгийн багт талархал илэрхийлээд, тэднийг “Итгэл найдвар, эдгэрлийн элч болсон хүмүүс” хэмээн тодорхойлсон байна. Тэр мөн “Манай хүүхдийн түүх бол зөвхөн бидний аялал биш, харин итгэл, найдвар, гайхамшгийн баталгаа” гэж бичжээ.
Эх сурвалж: UNILAD











































































