Artemis II багийнхан түүхэн нислэгийнхээ дараа анх удаа олон нийтэд мэдээлэл өгөв. Сар тойрсон зоримог, өндөр эрсдэлтэй аяллаа амжилттай гүйцэтгээд ирсэн NASA-ийн Artemis II хөтөлбөрийн дөрвөн сансрын нисэгч пүрэв гарагт дэлхийд буцаж ирснээсээ хойш анх удаа сэтгүүлчдийн асуултад хариулжээ.
Багийн бүрэлдэхүүнд NASA-гийн Рейд Уайзмен, Виктор Гловер, Кристина Кох болон Канадын сансар судлалын агентлагийн Canadian Space Agency-ийн сансрын нисэгч Жереми Хансен нар багтсан.
Тэд Сарыг тойрон ниссэн түүхэн аяллынхаа дараа дэлхийд буцаж ирээд, долоо хонож буй бөгөөд хэдийнэ олны танил хүмүүс болоод буй юм.
Уайзмен “Биднийг эх дэлхийдээ эргэн ирэхэд дэлхий даяар хүмүүсийн дэмжлэг, бахархал, энэ даалгаврыг өөрсдийнх мэт хүлээн авсныг хараад үнэхээр гайхсан. Бид дэлхийг нэгтгэхүйц зүйл хийхийг хүссэн. Бидний зорилго ч энэ байсан” гэж хэлжээ.
Арав хоног үргэлжилсэн энэхүү нислэг 1972 онд Apollo хөтөлбөрийн сүүлчийн нислэгээс хойш анх удаа хүмүүсийг Сар хүртэл хүргэсэн онцгой үйл явдал болсон.
Мөн тус багийнхан өмнө тогтоогдсон дээд амжилтыг эвдэж, хүн төрөлхтний хувьд хамгийн хол зайд хүрчээ.
Кох “Энэ аялал хүмүүсийн сэтгэлд хэр их нөлөөлснийг үгээр илэрхийлэхэд бэрх” хэмээн онцолсон байна. Тэр“Хүмүүст урам зориг өгсөн нь бидний хувьд техникийн зорилго биелүүлсэнтэй адил чухал байсан” гэж хэлжээ.

Дэлхий рүү буцах үеийн сорилт
Өнгөрсөн долоо хоногт багийнхан дэлхий рүү буцахдаа хамгийн аюултай мөчүүдийн нэг болох агаар мандалд нэвтрэх үеийг туулжээ. Энэ үед тэдний сансрын хөлөг дууны хурдаас 30 дахин хурдан хөдөлж байсан аж.
Гловер энэ мөчийг “биеэр мэдрэгдэх маш хүчтэй туршлага” гэж тодорхойлжээ. Orion капсул агаарт огцом унах үед шүхэр задрах чимээ маш хүчтэй сонсогдож, өндөр хурдны улмаас үүссэн плазмаас болж 6 минутын турш холбоо тасарсан байна.
Тэр “Өндөр барилгаас арагшаа үсэрч унаж байгаа мэт яг тийм мэдрэмж төрж байсан” гэж хэлжээ.
Агаар мандалд нэвтрэх үед сансрын хөлөг 5000°F (ойролцоогоор 2700°C)-ийн маш өндөр температурт ордог. Үүнээс хамгаалах үүргийг Orion хөлгийн доод хэсэгт байрлах дулаан хамгаалалтын бүрхүүл гүйцэтгэдэг бөгөөд энэ нь шатаж, элэгдэн дулааныг сарниулдаг.
Энэ удаагийн нислэгт NASA дулаан хамгаалалтын бүрхүүлийг бүрэн шинэчлээгүй, бага зэрэг өөрчлөн туршсан байна. Нисэгчид “бүрхүүлээс бага зэрэг хэсэг ховхорсон” байж болзошгүйг анзаарсан ч Уайзмен “ерөнхийдөө буулт маш жигд байсан” гэж онцолжээ.
Сэтгэлзүйн сорилт
Дэлхийгээс улам холдох тусам сэтгэл зүйн дарамт нэмэгддэгийг нисэгчид нуугаагүй байна.
Уайзмен “212,000 милийн зайг хараад, тэр тоо өссөөр байхыг харахад анхаарал маш өндөр төвшинд хүрдэг” гэж хэлжээ. Тэрбээр өөрийгөө байнга ажиглаж, стресс, түгшүүрийн шинж илэрч байгаа эсэхийг шалгаж байсан байна.
Гловер сэтгэл зүйн бэлтгэл маш чухал болохыг онцолж, багийг мэргэжлийн сэтгэл зүйчид урьдчилан бэлтгэдэг талаар дурджээ.
“Хамгийн ойр холбоо”
Сар орчмын нислэгийн үеэр багийнхан сарны гадаргууг 7 цагийн турш тойрон ажиглаж, гайхалтай зургууд авсан байна. Тэдний аялал олон нийтийн анхаарлыг татаж, шинжлэх ухаанд ч үнэ цэнтэй мэдээлэл өгчээ.
Хамтдаа олон жил бэлтгэл хийж, сансарт долоо хоног гаруй хугацааг өнгөрүүлсний дараа багийн гишүүд өөрсдийгөө зүгээр нэг хамтрагч биш, харин “ах дүүс” болсон гэж тодорхойлсон байна.
Уайзмен ““Бид дөрөв маш ойр болсон, яг гэр бүлтэй дөхөх хамгийн дээд хэмжээний ойр дотно байсан” гэж хэлсэн байна.
Кох хүртэл дэлхийд буцаж ирсний дараа хөлөг дээр унтахад бид хоорондоо “хэт хол” санагдсан гэж хошигножээ.
Ирээдүйн зорилго
Нисэгчид цаашид илүү зоримог алхмууд хийхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. Уайзмен “Хэрэв Сар дээр буух төхөөрөмж байсан бол багийн гишүүдийн ихэнх нь буухыг оролдох байсан” гэж хэлжээ.
Хансен “Ирээдүйд Сар дээр байнгын бааз байгуулахын тулд тодорхой хэмжээний эрсдэлийг хүлээн зөвшөөрөх шаардлагатай” гэж онцолсон байна.
Эх сурвалж: CNN













































































