Монголын Үндэсний бөхийн холбооноос зохион байгуулж буй “Алтан цом”-ын төлөөх багийн барилдааны хагас шигшээ шат амжилттай болж өндөрлөж, финалд өрсөлдөх багууд тодорлоо.
Хагас шигшээ барилдаанд “MCS” группийн “М-Си-Эс Энержи” баг “Алсын жим” ХХК-ийн “Хамаг Монгол” багтай учраа тааран барилдаж, 15:10-аар ялалт байгуулснаар тэргүүн байрын төлөө өрсөлдөхөөр болсон.
Тус барилдаанд “М-Си-Эс Энержи” багаас улсын арслан Э.Батмагнай, улсын харцага Ц.Мөнхбаяр, аймгийн хурц арслан Д.Алтанцоож нар амжилттай барилдаж, багтаа чухал оноо авчирсан юм. Харин “Хамаг Монгол” багаас дархан аварга Н.Батсуурь хамгийн олон буюу 5 даваа авсан ч багийн нийлбэр дүнгээр өрсөлдөгчдөө гүйцэж чадаагүй.
Нөгөө хагас шигшээд “Хатант интернэшнл” ХХК-ийн “Хатант интернэшнл” баг “АПУ” ХК, “Скайтел” ХК-ийн хамтарсан “АПУ-Скайтел” багтай барилдаж, мөн 15:10-ын харьцаатайгаар ялалт байгуулсан.
“Хатант интернэшнл” багаас улсын начин Э.Мөнхжаргал, аймгийн арслан Б.Шаравдорж нар тус бүр 4 даваа авч, багаа тэргүүлсэн бол улсын харцага Б.Зоригтбаатар ч мөн өндөр амжилт үзүүлсэн. Харин “АПУ-Скайтел” багаас улсын арслан Б.Орхонбаяр, аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар нар багийнхаа гол оноог бүрдүүлжээ.
Ингэснээр “Хатант интернэшнл” болон “М-Си-Эс Энержи” багууд “Алтан цом”-ын аваргын төлөө хүч үзэхээр шалгарав.
Багуудын дасгалжуулагчдын хувьд “М-Си-Эс Энержи” багийг улсын харцага Н.Золбоо, аймгийн арслан Т.Дүүрэнсаран нар удирдсан бол “Хамаг Монгол” багийг улсын харцага Т.Баасанхүү, улсын начин Д.Тогтохжаргал нар дасгалжуулжээ.
Харин “Хатант интернэшнл” багийг улсын арслан Р.Пүрэвдагва, аймгийн арслан Б.Чинбат нар, “АПУ-Скайтел” багийг Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй дасгалжуулсан байна.













































































