Олон улсын судлаачдын баг Монголын нутаг дэвсгэрээс илрүүлсэн чулуужсан мөрүүдийг судалсны дүнд эдгээр нь махчин төрлийн теропод үлэг гүрвэлийн мөр болохыг тогтоожээ.
Доод Цэрдийн галвын үед Монголын энэ бүс нутагт том биетэй махчин үлэг гүрвэлүүд амьдарч байсныг анх удаа ийнхүү шинжлэх ухааны үндэслэлтэйгээр баталсан байна.
Ойролцоогоор 120 сая жилийн настай уг мөрүүд Монголын хойд хэсэгт орших Сайжрах хэмээх газраас олджээ. Судалгааг Японы Окаямагийн Шинжлэх ухааны их сургууль болон Монгол Улсын ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн эрдэмтэд хамтран гүйцэтгэсэн байна.
Эдгээр чулуужсан мөрийг анх 1950-иад онд Монголын нэгэн газар зүйч илрүүлж, эрдэм шинжилгээний өгүүлэлдээ тэмдэглэсэн ч байршлын нарийвчилсан мэдээлэл дутмаг байснаас судалгааны ажил ахиагүй аж.
Сүүлийн жилүүдэд Монголын судлаачид тухайн газрын байршлыг нарийвчлан тогтоосноор олон улсын хамтарсан баг 2024 оноос малтлагын ажлыг эхлүүлж, уг дурсгалыг дахин нээн илрүүлжээ.

Малтлагын явцад судлаачид ойролцоогоор 15 метр урттай өвсөн тэжээлт завропод үлэг гүрвэлийн мөр, мөн 8 метр орчим урттай махчин үлэг гүрвэлийн мөрүүдийг илрүүлсэн байна.
Нийтдээ 5х7 метр талбай бүхий геологийн тогтоцод 31 мөр чулуужсан байсныг тогтоосон бөгөөд ойр орчмоос нь нэмж 15 орчим мөр олджээ.
Монгол Улсад дээд Цэрдийн галавт хамаарах үлэг гүрвэлийн олдворууд элбэг байдаг ч доод Цэрдийн галвынх харьцангуй ховорт тооцогддог. Тиймээс энэхүү олдвор нь тухайн үеийн амьтны аймгийн судалгаанд байсан газар зүйн “цоорхой”-г нөхөх чухал ач холбогдолтой юм.
Малтлагад оролцсон Шинобу Ишигаки “Эдгээр олдвор нь том биет үлэг гүрвэлүүдийн тархалт, амьдралын хэв маягийг ойлгоход чухал хувь нэмэр оруулж байна. Бид энэ зун дахин судалгаа хийж, цаашид чулуужсан яс олдоно гэж найдаж байна” хэмээн онцолжээ.
Эх сурвалж: ASAHI SHIMBUN













































































