Хоёр сая баррель нефть тээвэрлэх хүчин чадалтай Ираны супертанкер АНУ-аас тогтоосон тэнгисийн бүслэлтийг амжилттай давсан талаар Fars агентлаг мэдээлэв.
Тус мэдээлэлд “Хоригийн жагсаалтад орсон уг супертанкер нуугдалгүйгээр, байршил тогтоох системээ асаалттайгаар ил далай болон Ормузын хоолойг гаталж, Ираны нутаг дэвсгэрийн усанд нэвтэрсэн” гэж дурджээ.
Үүнээс хойш удалгүй тус агентлаг Ормузын хоолойгоор хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэж буй задгай ачаа тээвэрлэдэг усан онгоц Имам Хомейни боомтыг чиглэн нэвтэрсэн гэж мэдээлсэн байна.
Өмнөх өдөр нь Bloomberg агентлагийн мэдээлснээр, Хятадтай холбоотой “Rich Starry” нэртэй танкер мөн Ормузын хоолойг гаталжээ. Харин АНУ-ын Зэвсэгт хүчний Төв командлалын дарга Брэд Купер Америкийн тал Иран руу болон Иранаас далайгаар нэвтрэх худалдааг бүрэн зогсоосон гэж мэдэгдсэн байна.
АНУ өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай хийсэн хэлэлцээний эхний шатны дараа уг хоолойд тэнгисийн бүслэлт тогтоосноо зарласан. Хэлэлцээний дүнд талууд хэд хэдэн чухал асуудлаар санал зөрөлдсөн гэж Тегеран мэдэгдсэн бол Вашингтон, ялангуяа баяжуулсан ураны асуудал дээр байр суурь зөрсөн бөгөөд АНУ эдгээр материалыг Иранаас хураан авахыг шаардсан байна.
Бүслэлт даваа гарагт Москвагийн цагаар 17:00 цагт хүчин төгөлдөр болсон. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп уг чиглэлээр зорчихыг оролдсон бүх хөлөг онгоцыг зогсооно гэж анхааруулсан. Мөн Иранд дамжин өнгөрөх төлбөр төлсөн хөлөг онгоцуудыг илрүүлж, саатуулах үүргийг цэргийнхэнд өгсөн байна.
Эх сурвалж: RIA NOVOSTI













































































