Их Британийн Засгийн газар лхагва гарагт буюу дөрөвдүгээр сарын 15-нд Украинд дор хаяж 120,000 нисгэгчгүй нисэх төхөөрөмж (дрон) нийлүүлэх болсноо зарлав.
Энэ хүрээнд тагнуулын зориулалттай, ачаа тээвэрлэх болон холын тусгалтай довтолгооны дронууд багтаж байгаа талаар Их Британийн Батлан хамгаалах яам мэдээлсэн байна.
Их Британийн Батлан хамгаалах сайд Джон Хили “Байлдаанд туршигдсан энэхүү томоохон дрон нийлүүлэлт нь Украины цэргүүдэд ард иргэдээ хамгаалах, ОХУ-ын түрэмгийллийг няцаахад шаардлагатай чадавхийг олгоно” гэж мэдэгджээ.
Лондоны тал мөн 120.000 дроны ихэнхийг Tekever, Windracers, Malloy Aeronautics зэрэг Британийн компаниуд үйлдвэрлэнэ гэж мэдээлсэн нь дотоодын ажлын байр нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж онцолсон байна.
Түүнчлэн тус улсын Батлан хамгаалах яам Их Британийн дрон үйлдвэрлэлийн салбар хурдацтай хөгжиж, улсын аюулгүй байдал болон Европын бүс нутгийн сөрөн тэсвэрлэх чадавхийг нэмэгдүүлж байгааг тэмдэглэжээ.
Энэхүү багц тусламжид зөвхөн дронууд төдийгүй далайн байлдааны зориулалттай техник, хэрэгслүүд мөн багтах аж.
Мөн Лондон Украинд ойролцоогоор 900 сая евротой тэнцэх шинэ санхүүжилт олгохоо мэдэгдсэн байна. Тодруулбал, Их Британийн Сангийн сайд Рэйчел Ривз лхагва гарагт Украины Ерөнхий сайд Юлия Свириденкотой уулзахын өмнө 752 сая фунт стерлинг (ойролцоогоор 865 сая евро)-ийн тусламж илгээхээ баталгаажуулна гэжээ.
Энэ санхүүжилт нь нийт 3.36 тэрбум фунт стерлингийн (ойролцоогоор 3.85 тэрбум евро) зээлийн багцын нэг хэсэг бөгөөд уг зээлийг Украин зэвсэг худалдан авахад ашиглах бөгөөд үүнд холын тусгалтай пуужин, агаарын довтолгооноос хамгаалах систем болон дронууд багтаж байгаа аж.
Украины Батлан хамгаалах асуудлаарх 34 дэх удаагийн “Рамштайн” форматын уулзалт Берлин хотод болж буй.
Германы Батлан хамгаалахын сайд Борис Писториусын урилгаар тус уулзалтад Их Британийн Батлан хамгаалах сайд Джон Хили, Украины Батлан хамгаалах албаны төлөөлөгчид болон НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте нар оролцож, бусад оролцогчид цахимаар холбогджээ.
Оросын Украин дахь бүрэн хэмжээний дайнаас хойш Германы тал Украинд нийт 55 тэрбум еврогийн цэргийн тусламж үзүүлсэн нь Европын орнуудаас хамгийн өндөр үзүүлэлт болж буй аж.
Мөн дөрөвдүгээр сарын 14-нд Берлинд Германы Канцлер Фридрих Мерц болон Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нар стратегийн түншлэлийн гэрээ байгуулж, агаарын довтолгооноос хамгаалах систем, холын тусгалтай зэвсэг, дрон болон их бууны сумны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр тохиролцсон байна.
Эх сурвалж: DW













































































