АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч С. Баярцогт өнөөдөр мэдээлэл хийж, намын дотоод зохион байгуулалт болон шинэчлэлийн явцын талаар дэлгэрэнгүй тайлбарлав.
Тэрбээр “Намын дарга Үндэсний бодлогын хорооны хуралдаанд нэр дэвшүүлсэн хүн олонхийн санал авч чадаагүй тул өнөөдөр хуралдсан Улс төрийн зөвлөлийн шийдвэрээр өөрийн нэрийг санал болгон дэвшүүлж, гишүүдийн дийлэнх дэмжлэг авснаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэхээр болсон” гэж онцлов.
С.Баярцогт өмнөх хугацаанд нам албан ёсны Ерөнхий нарийн бичгийн даргагүй, байнга түр орлон гүйцэтгэгчтэй ажиллаж ирсэн. Үүрэг гүйцэтгэгчийн хугацаа тодорхойгүй байсан нь зарим тохиолдолд урт хугацаанд үргэлжлэх нөхцөл бүрдүүлж байсныг дурдсан байна.
Харин Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн шинэ дүрмийн дагуу энэ удаагийн үүрэг гүйцэтгэгчийн хугацааг нэг сараар хязгаарлаж, АН-ын Үндэсний бодлогын хороо тавдугаар сарын 15-наас өмнө энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэхээр төлөвлөж байгаа талаар мэдээлэв.
Тэрбээр мөн нам цаашид таван дэд даргатайгаар үйл ажиллагаа явуулахыг тодотгож, өнөөдрийн хуралдаанаар намын үйл ажиллагааны гурван үндсэн журмын төсөл болон Хяналтын ерөнхий хорооны үйл ажиллагааны журмыг хэлэлцсэн, эдгээртэй холбогдуулан тус бүр ажлын хэсгүүд байгуулсныг танилцуулсан юм.
Тодруулбал, бодлогын ерөнхий ажлын хэсгийг УИХ-ын дэд дарга Б. Пүрэвдорж ахалж, таван гишүүний бүрэлдэхүүнтэй ажиллахаар болсон бол УИХ-ын гишүүн З. Нарантуяа-аар ахлуулсан мөн таван хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулжээ.
Харин Хяналтын ерөнхий хорооны үйл ажиллагааны ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б. Түвшин ахалж, мөн таван хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллуулахаар болсон байна.
Тэрбээр эдгээр шийдвэрүүдийн үр дүнд намын Улс төрийн зөвлөл шинэ бүтэц, зохион байгуулалтаар үйл ажиллагаагаа эхлүүлж байгааг онцолсон. Мөн намын бүлгийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар намын дарга О.Цогтгэрэл мэдээлж, намын дарга болон УИХ дахь бүлгийн даргын албан тушаалыг тусдаа байлгах нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлэв.
Мөн хуралдааны төгсгөлд О.Цогтгэрэл, Б.Пүрэвдорж болон УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуультай холбоотой асуудлаар мэдээлэл хийснээр Улс төрийн зөвлөлийн хуралдаан албан ёсоор өндөрлөсөн байна.













































































