Хотын дарга Х.Нямбаатар холбогдох албаныхны хамт Хүүхдийн урлан бүтээх төвд ажиллаж, тус төвийн үйл ажиллагаа болон сурагчдын бүтээлүүдтэй танилцав.
Энэ үеэр тэрбээр “Хүүхдийн урлан бүтээх төв Улаанбаатар хотын хамгийн эртний, 70 гаруй жилийн түүхтэй барилгуудын нэг. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, авьяасыг нь нээн хөгжүүлэх, хөдөлмөрийн дадал олгох зорилготой дугуйлангуудыг олон жил тасралтгүй зохион байгуулж ирсэн чухал байгууллага” хэмээн онцолсон байна.
Мөн багш, сурагчдын хамтран бүтээсэн бүтээлүүдийг нийслэлийн захиргаанд худалдан авч, орчин тохижуулахад ашиглах, ингэснээр урлангийн сан хөмрөгийг баяжуулах боломжийг судалж байгааг дурджээ.
Үүнээс гадна хотын дарга Х.Нямбаатар өөрийн орлогч А.Амартүвшинд тус төвийн сурагчдын бүтээлийг нээлттэй дуудлага худалдаагаар борлуулах боломжийг судалж, холбогдох байгууллагуудаар хэлэлцүүлэх чиглэл өгсөн байна.
Олсон орлогыг сурагчдад шаардлагатай компьютер, принтер зэрэг тоног төхөөрөмжийг шийдвэрлэхэд зарцуулах боломжийг мөн судлахыг үүрэг болгожээ.

Жилд 2000 гаруй хүүхэд үнэ төлбөргүй суралцдаг
Хүүхдийн урлан бүтээх төвийн захирал Д.Уранбилэг “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид хичээлийн бус цагаар манай төвд ирж суралцдаг. Энэ жил 19 төрлийн 24 дугуйланд 2000 гаруй хүүхэд хамрагдаж, өөрсдийн авьяас чадварыг хөгжүүлж байна.
Манай төв Монгол Улсад үнэ төлбөргүй үйл ажиллагаа явуулдаг цорын ганц томоохон урлан гэдгээрээ онцлогтой” гэжээ.
Тэрбээр мөн сурагчид уран зураг, уран баримал, сийлбэр, сүрлэн болон шүрэн урлал, ахуйн дизайн зэрэг 24 чиглэлээр суралцаж, анхан шатнаас ахисан түвшинд дэвшин илүү нарийн хийцтэй бүтээл туурвих боломж бүрддэгийг онцолсон байна.

Түүнчлэн бүх дугуйланд зураг зүйн суурь мэдлэг олгодог тул хүүхдүүдийн гарын ур дүй, анхаарал төвлөрөл сайжирч, дэлгэцийн хамаарлаас холдох давуу талтайг дурджээ.
Тус төвийн сурагч Н. Оюунтуяа “Би долоо хоногт 2-3 удаа урландаа ирж суралцдаг. Одоогоор сүрлэн урлалын дугуйланд явж, бүтээлийнхээ суурийг хийж байна. Энэ дугуйланд суралцсанаар олон шинэ зүйл сурч байна. Багш нар маань ойлгомжтой, сонирхолтой байдлаар заадаг.
Чөлөөт цагаа утас үзэж, цахим орчинд өнгөрүүлэхээс илүү урландаа ирж, шинэ зүйл сурах нь надад илүү таатай санагддаг. Цаашдаа илүү нарийн хийцтэй, сонирхолтой бүтээлүүд хийж сурмаар байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.













































































