Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо 2026 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр Төрийн ордонд хуралдаж, хүний эрх, тэр дундаа хүүхдийн эрхийг хамгаалах хүрээнд чухал асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хуралдаанаар үе тэнгийн дээрэлхэлт буюу хүүхэд, өсвөр үеийнхний дунд түгээмэл гарч буй дарамт, хүчирхийллийн шалтгаан, нөхцөл, илрэлийн хэлбэр, хор уршгийг нарийвчлан судалж, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох бодит арга хэмжээг тодорхойлох үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай тогтоолын төслийг хэлэлцэв.
Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяагаар ахлуулан байгуулахаар төлөвлөсөн бөгөөд холбогдох гишүүд оролцох аж. Тус ажлын хэсэг нь үе тэнгийн дээрэлхэлтийн шалтгаан, нөлөөлж буй хүчин зүйлсийг иж бүрнээр нь үнэлж, бодлогын түвшинд хэрэгжүүлэх санал, дүгнэлт боловсруулах зорилготой.
Хэлэлцүүлгийн үеэр гишүүд хүүхдийн эсрэг дээрэлхэлт, дарамтыг зөвхөн сургуулийн орчинд хязгаарлахгүйгээр өргөн хүрээнд авч үзэх шаардлагатайг онцолсон юм. Түүнчлэн хүүхэд хамгааллын тогтолцоонд эцэг, эхийн оролцоо, хараа хяналтыг сайжруулах нь чухал болохыг дурдлаа.
УИХ-ын гишүүд үе тэнгийн дээрэлхэлтийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх тогтолцоог боловсронгуй болгох, холбогдох байгууллагуудын уялдаа холбоог нэмэгдүүлэх шаардлагатайг тэмдэглэж байв.
Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 53.3 хувь нь уг тогтоолын төслийг дэмжсэнээр Ажлын хэсэг байгуулахаар боллоо.













































































