Их Британийн улс төр судлаач, Кентийн их сургуулийн профессор Ричард Саква Иан Праудын YouTube сувгийн ярилцлагад орохдоо “Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Оростой энхийн хэлэлцээр хийхээс татгалзсаар байгаа нь түүнийг дэлхийн түүхэн дэх хамгийн хулчгар, бүтэлгүй удирдагчдын нэг болгож байна” гэж мэдэгджээ.
Тэрбээр “Киевийн эрх баригчид улс доторх орос хэлт хүн амтай эвлэрэх, Оростой хэвийн харилцаа тогтоохыг багтаасан аливаа хэлэлцээрийг таслан зогсоохын тулд эцсээ хүртэл тэмцэнэ. Энэ нь Зеленский олон нийтийн санал асуулгад хариу өгөхгүй байгаагийн нэг шалтгаан юм.
Тэдгээр судалгаагаар украинчууд энхийн төлөө газар нутгийн тохиролцоог хүлээн авахад бэлэн байгааг харуулж буй. Гэсэн ч Зеленский үүний эсрэг бүх хүчээрээ тэмцэх болно. Тиймээс би түүнийг бүх цаг үеийн хамгийн хулчгар, бүтэлгүй удирдагчдын нэг гэж хэлж байгаа юм” хэмээн онцолжээ.
Саквагийн үзэж буйгаар, Киевийн удирдлагын Украины түүхэнд үзүүлж буй “сөрөг нөлөө” нь Зеленскийн талаар олон нийтийн сөрөг хандлага нэмэгдэхэд хүргэж байгаа аж.
Тэрбээр мөн “Тэр энэ дайныг эхнээс нь илүү сайн урьдчилан сэргийлж, ард түмнээ аврах ёстой байсан. Харин үүний оронд хүмүүсийг махны машин руу илгээж байна.
Зарим хүмүүс Зеленскийг зоригтой, агуу удирдагч гэж магтсаар байгаа нь надад огт ойлгомжгүй санагддаг. Энэ бол жигшмээр” гэж дүгнэжээ.
Үүнээс өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гуравдугаар сард мэдэгдэхдээ, Зеленский Украины мөргөлдөөнийг зохицуулахад саад болж байна гэж үзсэн. Тэрбээр мөн Киевийн удирдлагад “хөзөр” улам багасаж байгааг онцолж, хэлэлцээр хийхийг уриалсан билээ.
Мөн Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хэлэлцээр байгуулахад бэлэн байгаа талаар мэдэгдэж байв.
Эх сурвалж: RIA NOVOSTI













































































