Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд аялал жуулчлалыг хөгжүүлэх, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Даль цэцгийн баяр” энэ жил 15 дахь удаагаа тавдугаар сарын 10-нд болох юм байна.
Жил ирэх тусам уг баярыг зорин ирэх жуулчдын тоо нэмэгдэж байгаа тул орон нутаг бэлтгэл ажлыг сайтар хангаж, тус арга хэмжээг аймгийн хэмжээнд хаврын аялал жуулчлалыг дэмжих уламжлалт томоохон баяр болгон өргөжүүлж байгаа аж.
Аялагчдад зориулсан сонирхолтой хөтөлбөрүүд
Баярын үеэр иргэд даль цэцгийн дунд амарч, байгалийн сайхныг мэдрэхээс гадна
- элсний волейболын тэмцээн
- АХА тэмцээн
- дууны тэмцээн
- бусад хөгжөөнт уралдаан, наадам зэрэг олон төрлийн арга хэмжээнд оролцох боломжтой аж. Ингэснээр аялагчид цэвэр агаарт амарч, алжаал ядаргаагаа тайлах нөхцөл бүрддэг байна.
ЖДҮ эрхлэгчид, малчдын бүтээгдэхүүн эрэлттэй
Өнгөрсөн жилийн баярт 7000 орчим хүн оролцжээ. Энэ үеэр зохион байгуулагдсан жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон малчдын цагаан идээний үзэсгэлэн худалдаа хамгийн эрэлттэй байсан аж.
Борлуулалт ч өндөр байсан нь орон нутгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлэхэд бодит дэмжлэг болсон байна. Энэ жилийн баярын үеэр ч мөн адил цагаан идээ болон нутгийн брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдах ажээ.
Даль цэцгийн ач тус
Монгол оронд хавар хамгийн түрүүнд цэцэглэдэг таван зүйлийн нэг нь даль цэцэг. Ягаан өнгийн энэхүү цэцэг байгалийн өвөрмөц тогтоц, үзэсгэлэнгээрээ олныг татдаг. Даль цэцэг нь:
- бие махбодыг тайвшруулах
- ядаргаа тайлах
- дархлаа дэмжих
- сэтгэл санааг тогтворжуулах
- хараа болон мэдрэлийн үйл ажиллагаанд эерэг нөлөө үзүүлэх зэрэг олон талын ашиг тустай гэж үздэг.
Байгалийн энэ орчинд тодорхой хугацаанд байх нь бясалгал хийж буйтай адил нөлөө үзүүлдэг ч хэт удаан хугацаагаар, ялангуяа унтахаас зайлсхийхийг мэргэжилтнүүд зөвлөдөг.












































































