Дэлхийн зах зээл дээр хөнгөн цагааны үнэ огцом өсөж, сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрээд байна. Үүнд Дональд Трамп Ормузын хоолойг бүслэн хаах төлөвлөгөөтэй холбоотой мэдээлэл голлон нөлөөлжээ.
Лондоны металлын биржийн арилжааны үеэр гурван сарын хугацаатай нийлүүлэх хөнгөн цагааны фьючерс үнэ нэг тонн нь 3578 ам.долларт хүрч, 2022 оны гуравдугаар сараас хойших хамгийн өндөр түвшинд хүрсэн байна.
Шинжээчдийн үзэж буйгаар, энэ нь нийлүүлэлтийн тасалдлын эрсдэл огцом нэмэгдсэнийг илтгэж байгаа аж.
Britannia Global Markets компанийн металлын хэлтсийн дарга Нил Уэлш “Трейдерүүд Ормузын хоолой хаагдсанаас үүдэх сөрөг үр дагаврыг тооцоолж эхэлснээр хөнгөн цагаан долоо хоногийн эхнээс зах зээлийн анхаарлын төвд орлоо” хэмээн онцолжээ.
Ормузын хоолой дэлхийн эрчим хүч, түүхий эдийн нийлүүлэлтийн стратегийн чухал зангилаа бөгөөд Персийн булангийн бүс нутаг өмнө нь дэлхийн хөнгөн цагааны нийлүүлэлтийн ойролцоогоор 9 хувийг бүрдүүлдэг байв. Гэвч бүс нутгийн геополитикийн хурцадмал байдал нэмэгдсэнээр үйлдвэрлэлд бодит саатал үүсээд буй юм.
Тухайлбал, Emirates Global Aluminium (EGA) компанийн Аль-Тавила дахь томоохон хайлуулах үйлдвэрийн үйл ажиллагаа доголдож, бүрэн хүчин чадлаар сэргэхэд нэг жил хүртэл хугацаа шаардагдаж болзошгүй аж. Уг үйлдвэр зөвхөн 2025 онд 1.6 сая тонн хөнгөн цагаан үйлдвэрлэсэн нь дэлхийн нийлүүлэлтэд жинтэй хувь нэмэр оруулжээ.
Олон улсын шинжээчид энэ нөхцөл байдал цаашид үргэлжилвэл зөвхөн хөнгөн цагаан төдийгүй зэс, никель зэрэг бусад суурь металлын үнэ өсөх дарамт нэмэгдэнэ гэж үзэж байна.
Мөн нийлүүлэлтийн сүлжээ доголдсоноор автомашин, барилга, сав баглаа боодол, нисэх онгоцны үйлдвэрлэл зэрэг хөнгөн цагаанд түшиглэсэн салбаруудад өртгийн дарамт үүсэх эрсдэлтэй аж.
Зарим хөрөнгө оруулагчид энэхүү өсөлтийг түр зуурын “геополитикийн шок” гэж үзэж буй бол нөгөө хэсэг нь эрчим хүчний зардал, логистикийн эрсдэл удаан хугацаанд хадгалагдвал металлын зах зээлд илүү урт хугацааны өсөлтийн цикл эхэлж болзошгүйг анхааруулж байна.
Эх сурвалж: FINANCIAL TIMES, BLOOMBERG, REUTERS













































































