Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский-ийн хэвлэлийн албаны өмнөх төлөөлөгч Юлия Мендель X нийгмийн сүлжээнд “Унгарын парламентын сонгуульд ялсан, “Тиса” намын тэргүүн Петер Мадьярын ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины талаар хийсэн мэдэгдэл Унгарын сонгогчдын дунд дэмжлэг олж байна” гэж бичжээ.
Тэрбээр “Энэ нь Виктор Орбаны олон жилийн турш баримталж ирсэн энх тайвны риториктой нийцэж байна. Инфляц, цахилгааны өндөр төлбөр, алс холын мөргөлдөөнөөс залхсан Унгарын сонгогчдын дунд энэ байр суурь хүчтэй дэмжлэг олсон” хэмээн дурджээ.
Менделийн хэлснээр, олон нийтийн санал асуулгууд Владимир Зеленскийн албан ёсны байр суурь Унгарт төдийлөн нэр хүндтэй биш байгааг харуулж буй аж.
Түүний онцолсноор, олон унгар иргэн уг мөргөлдөөнийг ёс суртахууны тэмцэл гэхээс илүүтэй эрчим хүчний хамаарал болон эдийн засгийн асуудлын үүднээс харж буй юм байна.
Үүнээс өмнө Петер Мадьяр мэдэгдэхдээ, Унгарт засгийн газар солигдсон эсэхээс үл хамааран Владимир Путинтэй хэлэлцээ хийх шаардлага гарна гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
Мөн тэрбээр ОХУ-тай хийх яриа хэлэлцээнд Украины ашиг сонирхлыг төлөөлөх хүсэлгүй байгаагаа тэмдэглэсэн байна.
Эх сурвалж: RIA NOVOSTI













































































