АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн бямба гарагт болсон UFC 327 тэмцээний үеэр Бразилын ММА тулаанчид хандан нэлээд хачирхалтай үг хэлсэн нь олны анхаарлыг татжээ.
Тэрбээр ялалт байгуулсан тулаанчийг “Ийм зодуулдаг ажил хийдэг хүн гэхэд хэтэрхий царайлаг юм” хэмээн онцолсон байна.
Америкийн төрийн тэргүүн дөрөвдүгээр сарын 11-нд Майамид болсон уг арга хэмжээнд оролцжээ. Тэр удаан хугацаанд тулааны спорт сонирхож буй аж. Энэ үеэр дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс Ираны талтай хэлэлцээ хийхээр оролдож байсан ч байдал хүндэрчээ.
Трамп Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиог дагуулан ирж, Kid Rock-ийн “American Badass” дуу эгшиглэхэд тайзан дээр гарч ирэн, гол тулаан болох Жири Прохазка болон Карлос Улберг нарын хөнгөн хүнд жингийн аваргын төлөөх тулааныг үзсэн аж.
Трамп өмнө нь ч тулааны спорт сонирхдог байсан боловч энэ удаад үзэгчдээс “сонирхолтой үнэлгээ” авсан бөгөөд зарим нь түүнийг Дэйна Уайтын хамт орж ирэхэд шүгэлдэн эсэргүүцэж байжээ.
Мөн энэ үеэр Трамп подкаст хөтлөгч Joe Rogan-той тусгайлан ярилцсан нь бас анхаарал татсан аж.
Гэхдээ хүмүүсийн ам дамжин хамгийн их яригдсан мөч нь Бразилын тулаанч Paulo Costa Оросын Азамат Мурзакановыг техникийн нокаутаар ялсны дараах уулзалт байжээ.
Өдгөө 34 настай Коста ялалтаа тэмдэглэн Трамп дээр очиж “Таны хийж буй бүхэнд баярлалаа” гэж хэлэхэд Америкийн удирдагч түүний ялалтыг биш, харин гадаад төрхийг нь онцлон, “Чи үнэхээр царайлаг залуу юм. Чи модель болж болохоор харагдаж байна” гэж хэлсэн байна.
Мөн тэрбээр “Чи тулаанч байхад хэтэрхий царайлаг юм. Гэхдээ чи үнэхээр сайн тулаанч байна. Баярлалаа” гэж нэмж хэлжээ.
Хожим Костагаас энэ талаар асуухад тэрбээр “Их хөгжилтэй байсан. Бид зүгээр л хошигнож ярьсан. Зарим зүйл хувийн чанартай байсан болохоор нууц хэвээр үлдэг” гэж хариулжээ.
Хэрэв Трамп дахин UFC тулаанчдыг ойроос харахыг хүсвэл удаан хүлээх шаардлагагүй бололтой. Учир нь UFC тэмцээн АНУ-ын 250 жилийн ойг тэмдэглэх хүрээнд зургадугаар сарын 14-нд Цагаан ордны өмнөх талбайд зохион байгуулагдах юм.
Эх сурвалж: UNILAD













































































