Европын Холбоо (ЕХ)-ны орнууд Унгарын парламентын сонгуульд ялсан сөрөг хүчний “Тиса” намын тэргүүн Петер Мадьяраас ойролцоогоор 35 тэрбум еврогийн санхүүжилт авахын тулд 27 нөхцөл бүхий шаардлагыг биелүүлэхийг хүлээж байгаа талаар Financial Times сонин Европын дипломат эх сурвалжуудын мэдээллээс иш татан уламжилжээ.
Тэдний үзэж буйгаар, хэрэв Мадьяр Унгар болон ЕХ-ны хоорондын муудсан харилцааг сайжруулахыг хүсвэл эдгээр шаардлагыг хүлээн зөвшөөрөх ёстой аж.
ЕХ-ны нэгэн төлөөлөгч “Бидэнд нөлөөлөх ноцтой хөшүүргүүд бий. Мадьярт шахалт үзүүлж буй. Тэр аль болох хурдан үр дүнд хүрэхийг хүсэж байгаа гэж бодож байна” хэмээн хэлжээ.
Мөн эх сурвалжийн мэдээлснээр, “Одоогийн байдлаар яаралтай арга хэмжээ авах төлөвлөгөө байхгүй. Харин эдгээр санхүүжилтэд нэвтрэхийн тулд шинэ засгийн газар хэрэгжүүлэх ёстой урт жагсаалт бүхий арга хэмжээнүүд бий” гэжээ.
Financial Times-ийн мэдээлснээр, уг шаардлагуудад авлигын эсрэг шалгалтууд хийх, мөн Унгарын Ерөнхий сайд Виктор Орбаны Европын холбооны дүрэм зөрчсөн гэж үзсэн шийдвэрүүдийг эргэн харах зэрэг багтаж байгаа аж.
Үүнд орогнол хүсэгчидтэй харьцах бодлогоос эхлээд их, дээд сургуулиуд болон сургалтын хөтөлбөрүүдийн академик эрх чөлөөг хангах асуудал хүртэл оржээ.
Түүнчлэн 2025 оны арванхоёрдугаар сард болсон ЕХ-ны дээд хэмжээний уулзалтаар 2026-2027 онд Киевт нийт 90 тэрбум евро (үүнээс 60 тэрбум еврог зэвсэглэлд, 30 тэрбумыг төсвийн хэрэгцээнд) олгохоор тохиролцсон байна.
Энэхүү төлөвлөгөөг Оросын ойролцоогоор 200 тэрбум еврогийн хөрөнгийг хураан авч, Украины мөргөлдөөнийг санхүүжүүлэх санаачилга бүтэлгүйтсэний дараа боловсруулжээ.
Гэвч 2026 оны хоёрдугаар сард Будапешт Киевт олгох санхүүжилт болон ОХУ-ын эсрэг 20 дахь багц хориг арга хэмжээг батлахыг хориглосон байна.
Виктор Орбан мэдэгдэхдээ, Украин “Дружба” хоолойгоор Оросын нефтийн нийлүүлэлтийг сэргээх хүртэл хоригийг цуцлахгүй, мөн Украинд зээл олгохыг зөвшөөрөхгүй гэжээ.
Эх сурвалж: TASS













































































