“Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал Б.Даваадалай Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурве тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр талууд Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн хэрэгжилтийн явцын талаар санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны чиглэлүүдийг тодорхойлжээ. Тодруулбал,
Монгол Улсаас БНЭУ руу коксжих нүүрсийг дээж байдлаар туршилтаар тээвэрлэх, инженер, техникийн ажилтнуудын чадавхыг бэхжүүлэх, ирээдүйд шаардлагатай мэргэжилтнүүдийг бэлтгэх зэрэг асуудлыг хэлэлцсэн байна.
“Эрдэнэс Монгол” нэгдлийн зүгээс Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг амжилттай хэрэгжүүлэхэд Элчин сайд болон холбогдох байгууллагуудтай бүх талаар хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.

Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас коксжих нүүрс худалдан авах сонирхолтой БНЭУ-ын Steel Authority of India (SAIL) компанитай хамтарсан ажлын хэсэг байгуулж, тээвэр, логистикийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, бодит үр дүнд хүрэх нь чухал болохыг онцолсон байна.
Энэтхэг улс гангийн үйлдвэрлэлээр дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгддэг бөгөөд SAIL нь тус улсын тэргүүлэх төрийн өмчит ган үйлдвэрлэгч компани юм.
Тус компани жилд дунджаар 17 сая тонн коксжих нүүрс хэрэглэдэг бөгөөд үүний 85 хувийг АНУ, Австрали, Индонез зэрэг орноос импортолдог байна.













































































