Монгол Улсын эрэгтэй тамирчид чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний тав дахь гурван медаль хүртлээ.
Тодруулбал, 57 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Мөнх-Эрдэнэ мөнгөн медалиар энгэрээ мялаалаа. Түүний хувьд финалд Ираны бөхтэй өрсөлдсөн ч барилдааны явцад хавиргандаа гэмтэл авчээ.
Улмаар өвчин намдаагч ашиглаж барилдаанаа үргэлжлүүлсэн ч ялагдлаа. Ингэснээр тэр хоёр жил дараалан тивийн аваргаас медаль хүртэж байна. Өнгөрсөн жил хүрэл медаль авч байсан бол энэ удаа мөнгө болгож амжилтаа ахиулав.
Тэмцээний 70 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин Т.Тулга гурав дахь удаагаа финалдсан ч дахин мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр Энэтхэгийн Абиманюд 5:2-оор дийлдсэнээр ААШТ-ээс гурав дахь мөнгөн медалиа зүүв.
Мөн тус тэмцээний 79 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер О.Сүлдхүү “Парис-2024” олимпын наадмын аварга, Узбекистаны бөх Разамбек Жамаловыг ялснаар шагналын тавцанд гарах эрхтэй болсон. Манай тамирчин тивийн аваргаас гурав дахь хүрэл медалиа гардаж байгаа нь энэ юм.
ААШТ-ий эрэгтэйчүүдийн барилдааны эхний өдөр манай бөхчүүд ийнхүү хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртэв.












































































