УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ 2026 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийн хүрээнд өөрийн байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр уг асуудлыг Монголын парламентын түүхэн дэх эмзэг, ноцтой үйл явдал хэмээн тодорхойлж, сүүлийн өдрүүдэд өрнөсөн хэлэлцүүлгүүд нь парламентын соёл, ёс зүйн хэм хэмжээнд нийцээгүй, талцал дагуулсан шинжтэй болсныг онцолсон юм.
Мөн парламентад суудалтай улс төрийн намуудын дийлэнх нь уг хуулийн төслийг эсэргүүцэж байр сууриа илэрхийлсэн ч санал хураалтын явцад гишүүдийн оролцоонд нөлөөлсөн байж болзошгүй нөхцөл байдал ажиглагдсан хэмээн дурдав.
Түүний үзэж буйгаар, сүүлийн үед зарим УИХ-ын гишүүдэд хууль, хяналтын байгууллагуудаар дамжуулан дарамт шахалт үзүүлж, санал өгөх үйл явцад нөлөөлөх оролдлого гарч болзошгүй шинж тэмдэг илэрч байгаа нь парламентын хараат бус байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй аж.
Түүнчлэн УИХ-ын дарга С.Бямбацогт хуралдааныг явуулахдаа төвийг сахих зарчмыг бүрэн баримтлаагүй байж болзошгүй талаар шүүмжлэл илэрхийлэв.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэдэгдлийг эш татан, төрийн эрх мэдлийн хуваарилалтын тэнцвэрт байдалд эргэлзээ үүсгэж буйг онцолж, парламентын засаглалын зарчимд сөргөөр нөлөөлөх хандлага ажиглагдаж байна гэж дүгнэжээ.
Тэрбээр парламентын засаглал нь ардчиллын гол баталгаа бөгөөд олон ургальч үзэл, иргэдийн төлөөллийн дуу хоолойг хамгаалах чухал тогтолцоо гэдгийг онцолсон байна.
Түүнчлэн уг хуулийн төсөл батлагдсан тохиолдолд парламентын гишүүдийн хараат бус байдал, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж хумигдаж, улмаар хууль тогтоох байгууллагын бие даасан байдалд сөрөг нөлөө үзүүлж болзошгүйг анхааруулав.
Тэрбээр Монгол Улс хоёр том хөршийн дунд оршдог онцлогтой тул төрийн тогтолцооны тэнцвэр, тогтвортой байдал онцгой чухлыг тэмдэглэсэн юм.
Эцэст нь, уг санал хураалтын үйл явц Монгол Улсын Үндсэн хуулийн зарчимтай нийцэж байгаа эсэхэд эргэлзэж буйгаа илэрхийлж, ардчилал болон парламентын засаглал нь хамгаалж, бэхжүүлж байх ёстой үнэт зүйлс болохыг онцлон тэмдэглэлээ.
Тэр “Өнөөдрийн санал хураалт бол Үндсэн хууль зөрчсөн санал хураалт. Ийм санал хураалтыг Ерөнхийлөгч оруулах эрхгүй. 2019 оноос хойш Ерөнхийлөгчийн тухай хуульгүй явж байна.
Ардчилал, парламентийн засаглал гэдэг бол тэнгэрээс буудаг зүйл биш, тэмцэж олж авдаг үнэт зүйл. Дуу хоолойгоо хязгаарлуулж байгаа нь өөрийн чинь арчаагүй шийдвэр. Ирээдүйд үр хүүхэд чинь амьдрах болно.
Монгол Улс аажмаар дарангуйлалд орж байна. Монгол Улсын түүхэнд УИХ-ын дарга С.Бямбацогт шиг УИХ-ын халдашгүй байдлын эсрэг үйлдэл хийсэн хүн байхгүй.
Парламентыг “хадган дээр тавиад” Ерөнхийлөгчид аваачиж өгсөн хамгийн ичгүүртэй, түүхэнд хар толбо үлдээсэн спикер. Бүх зүйлийг залиар явуулдаг энэ арчаагүй аргаасаа салах хэрэгтэй” гэв.













































































