BBC Медиазона болон сайн дурынхны багтай хамтран судалгаа хийж, Украинд болж буй дайнд амь үрэгдсэн 212188 орос цэргийн нэрийг тогтоогоод байгаа аж.
Нийт нас барагсдын 57 хувь нь сайн дурынхан, дайчилгаанд татагдсан хүмүүс, эсвэл шоронгоос дайнд явсан ялтанууд бөгөөд тэд дайн эхлэх үед армитай шууд холбоогүй хүмүүс байжээ. Сүүлийн хоёр долоо хоногт л гэхэд 4600 гаруй шинэ нэр нэмэгдсэн байна.
Дронууд дайныг өөрчилсөн
2025-2026 онд цэргийн гарз ихэнхдээ дроны цохилттой холбоотой учирсан байна.
“Kill zone” (устгах бүс) гэдэг ойлголт өмнө нь фронтын нарийн шугам байжээ. Харин одоо 500 метрээс 10–15 км өргөн бүс болж өргөжсөн байна. Энэ бүсэд дрон, их буу, бууны гал тасардаггүй аж.
👉 Амиа алдсан цэргүүдийн цогцсыг гаргах ажил маш хэцүү бөгөөд заримдаа сар, бүр жилээр саатдаг байна. Заримыг нь газар нутаг хяналтад орсны дараа олдог, харин заримыг нь хэзээ ч олдоггүй аж.
Жишээ, Николай Тайдонoв 18 настайдаа цэрэгт татагдсан. 2024 онд Украинд очоод, 2025 онд сураггүй болж, 2026 онд нас барсан нь батлагдсан байна. Түүний цогцсыг эцэст нь олж, гэрт нь хүргэжээ.
Өөр нэг жишээ гэвэл, Алексей Колесников 2022 оноос хойш дайнд оролцсон. Донецк мужид буудуулж нас барсан байна. Гэвч түүний цогцсыг гэр бүлд нь огт өгөөгүй аж.
Цэргүүд заримдаа шархадсан хүмүүсийг аврахыг түрүүлж оролддог, эсвэл нас барсан хүнийг орхих тохиолдол гардаг байна.
Дайны эхний 1.5 жилд хохирол давтамжтай өсөж, буурч байжээ. Жишээ нь, Бахмут, Авдеевка зэрэг тулалдааны үеэр өдөрт 100-150 хүн нас барж байжээ.
Харин 2024 оны аравдугаар сараас хойш өдөрт дунджаар 120 хүн нас барж, тогтвортой өндөр түвшинд хүрсэн аж.
Бүс нутгаар авч үзвэл, Башкортостан, Татарстан зэрэг бүсээс хамгийн их хохирол бүртгэгдсэн байна. Шалтгаан нь, жижиг хот, хөдөө орон нутагт ажил багатай, мөнгөний хэрэгцээ өндөр тул хүмүүс армид илүү олноор элсдэг ажээ.
Дайн эхэлснээс хойш 7106 офицер нас барсанаас 494 нь дэд хурандаа, 164 нь хурандаа, 15 нь генерал тус тус байсан байна. Энд Андрей Головацкий, Владимир Ляпкин нарыг дурдаж болох нь.
Офицеруудын хохирол армийн зохион байгуулалтад маш хүчтэй нөлөөлдөг бөгөөд удирдлага алдагдсанаар илүү олон цэрэг амь үрэгддэг байна.
📉 Бодит хохирлын хэмжээ
Судалгаагаар бодит хохирлын 45-65 хувийг л илрүүлж чадсан гэж үзэж байгаа аж. Эндээс тооцвол, Оросын бодит хохирол 326.440-471.530 хүн аж. Мөн өөрийгөө тунхагласан Донецк, Луганскийн хүчнийг нэмбэл нийт хохирол 347.440-495.030 цэрэг байж болзошгүй юм байна.
Эх сурвалж: BBC













































































