Монгол Улсад 2009 онд авсан эртний булшны малтлагын зургийг “Газын зурваст буй нийтийн булш” хэмээн сошиал сүлжээнд худал тайлбарлан түгээжээ.
Тус зурагт олон тооны араг яс ил гаргасан малтлагын талбай харагдах бөгөөд гуравдугаар сарын 25-нд “Газад 300 хүүхдийн цогцос илэрсэн нийтийн булш” гэсэн ташаа тайлбартайгаар нийтэлсэн байна.
Мөн “Хэрэв энэ зургийг хараад ‘Барууны хэв маяг’-ийг няцаах бодол төрөхгүй байвал ноцтой асуудал” гэх утгатай бичвэр хавсаргасан байжээ.
Үнэндээ, уг зураг нь Монгол Улсын нутаг дэвсгэрт орших эртний булшны малтлагын үеийн зураг болохыг археологийн судалгаа болон малтлагыг удирдсан судлаач Алексей Ковалевын мэдээлэл баталж байгаа аж.
Тэрбээр ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийн судлаач бөгөөд уг зургийг 2009 онд авчээ. Энэ нь түүний 2011 онд Германд хэвлэгдсэн, Монголын Өмнөговь аймагт хийсэн малтлагын судалгааны өгүүлэлтэй бүрэн нийцэж буй аж. Уг судалгаанд ч мөн энэ зургийг ашигласан байна.
Судалгаагаар, булш нь 2000 гаруй жилийн өмнөх Хан улсын үеийн бэхлэлттэй холбоотой газраас олджээ. Харин 2025 онд Хятадын судлаачид хийсэн генетикийн шинжилгээ болон бусад судалгаагаар “Эдгээр араг яс нь Хүннү гүрэнтэй хийсэн тулалдаанд амь үрэгдсэн Хан улсын цэргүүдийнх байх магадлалтай” гэж дүгнэжээ.
Мөн Ковалев Reuters агентлагт өгсөн тайлбартаа тухайн булшинд нийтдээ 25-аас илүүгүй хүнийг оршуулсан байсан гэж онцолсон байна.
Үүнтэй зэрэгцэн НҮБ-ын шинжээчид 2024 онд Газын зурвас дахь Нассер болон Аль-Шифа эмнэлгүүдийн орчимд хүүхдүүдийг багтаасан 390 гаруй цогцос бүхий олон нийтийн булш илэрсэн талаар мэдээлж байжээ. Энэ нь дээрх зурагтай огт холбоогүй аж.
НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Волькер Тюрк тухайн үед “Энгийн иргэд, хоригдол болон байлдаанд оролцох боломжгүй хүмүүсийг санаатайгаар хөнөөх нь дайны гэмт хэрэг” хэмээн мэдэгдэж, бие даасан мөрдөн шалгалт явуулахыг уриалсан байна.
Эх сурвалж: REUTERS













































































