Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ордос хотод үргэлжилж байна.
Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48, 52 кг, эрэгтэйчүүдийн 60, 66 кг-ын жингийн медальтнууд тодорч, Монголын жүдочид гайхалтай амжилтаар эхлэлийг тавив.
Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Ж.Анударь Казахстан, Вьетнам, Энэтхэг, Узбекистаны бөхчүүдийг дараалан ялж, алтан медаль хүртэн, төрийн дууллаа эгшиглүүлэв.
Тэрбээр Монголын эмэгтэй жүдочдоос Азийн аваргын 13 дахь алтан медалийг эх орондоо авчирснаас гадна 19 насандаа тивийн аварга болсон хамгийн залуу тамирчнаар түүхэнд нэрээ бичлээ.
Харин 52 кг-ын жинд “С” хэсгийг тэргүүлэн барилдсан М.Нандин-Эрдэнэ эхний тойрогт хийлж, дараа нь Япон, Тажикстан, Узбекистаны шилдэг бөхчүүдийг дараалан ялснаар алтан медаль хүртэж, Монголын багийн хоёр дахь түрүүг авчрав.
Ингэснээр манай эмэгтэй жүдочид Азийн аваргын 14 дэх алтан медалийг хүртэж, Ордос хотод төрийн дууллаа дахин эгшиглүүлсэн юм.
Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд “Мон-Алтиус Цагаанбаатар” академийн тамирчин Т.Түмэнжаргал эхний тойрогт хийлж, дараагийн барилдаанд Хойд Солонгосын бөхийг ялсан ч шөвгийн наймд Тайванийн хүчтэй өрсөлдөгчид ялагдсан.
Гэсэн ч дагах барилдаанд амжилттай барилдаж, Узбекистан болон Казахстаны бөхчүүдийг буулган авч, хүрэл медаль хүртсэнээр Монголын багийн медалийн салхийг хагалав. Энэ нь түүний Азийн аваргаас хүртсэн анхны медаль юм.
Мөн эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд барилдсан Ө.Жанцандорж, К.Ёолк нар шагналт долдугаар байрт шалгарчээ.
Эхний өдрийн байдлаар Монголын баг хоёр алт, нэг хүрэл медальтайгаар тэмцээнийг тэргүүлж буй бол Тажикстан улс нэг алт, нэг мөнгө, нэг хүрэл медальтайгаар удаалж, Бахрейн нэг алтаар гуравдугаар байрт бичигдэв.
Монголын жүдочид ийнхүү Азийн дэвжээнд хүчтэй өрсөлдөж, эх орныхоо нэрийг өндөрт өргөсөөр байна.













































































