АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хегсет Иран АНУ-тай хэлэлцээр хийхээс татгалзвал тус улс дахин цэргийн ажиллагаа эхлүүлэх бүрэн хүчин чадалтай гэж мэдэгдэв.
Пентагонд болсон хэвлэлийн бага хурал дээр тэрбээр Тегеранд “ухаалаг шийдвэр гаргах”-ыг анхааруулж, “АНУ шаардлагатай бүх хүчийг бэлэн байдалд байлгаж байна гэжээ.
Үүний зэрэгцээ Израилийн агаарын цохилтын улмаас Өмнөд Ливаныг улсын бусад хэсэгтэй холбодог чухал гүүр сүйдсэн байна.
АНУ: “Ухаалаг сонголт хий”
Хэвлэлийн бага хуралд АНУ-ын Зэвсэгт хүчний штабын дарга генерал Дэн Кейн болон Төв командлалын (CENTCOM) тэргүүн адмирал Брэд Купер нар оролцжээ.
Хегсетийн хэлснээр, АНУ Иранд хэзээ ч цөмийн зэвсэгтэй болох боломж олгохгүй аж. Үүнийг “зөөлөн” (дипломат) эсвэл “хатуу” (цэргийн) аргаар шийдэж болно гэж мэдэгджээ.
АНУ одоогоор тэнгисийн цэргийнхээ 10 хувиас бага хүчийг ашиглан бүслэлт хийж байгаа бөгөөд Ираны худалдааны хөлөг онгоц руу довтлох заналхийллийг “дээрэм” гэж нэрлэж, одоогийн бүслэлтийг “хамгийн зөөлөн хувилбар” гэж тодорхойлсон байна.
Генерал Кейн “АНУ “ямар ч үед” дахин байлдааны ажиллагаа эхлүүлэхэд бэлэн” гэж давтан мэдэгджээ.
Хятад: Ормузын хоолойг нээх хэрэгтэй
Хятадын Гадаад хэргийн сайд Ван И Ираны талд Ормузын хоолойн тээвэрлэлтийг хэвийн болгож сэргээхийг уриалав.
Тэрбээр “Ираны бүрэн эрх, аюулгүй байдлыг хүндэтгэх ёстой. Гэхдээ далайн тээврийн аюулгүй, чөлөөтэй хөдөлгөөнийг бас хангах шаардлагатай” гэж онцолсон байна.
Мөн Хятад гал зогсоох хэлэлцээрийг дэмжиж, хэлэлцээг дахин эхлүүлэхийг уриалжээ.
Израиль Ливаны чухал гүүрийг устгав
Израилийн цохилтын улмаас Касмие гүүр бүрэн устсан байна. Энэ нь өмнөд Ливаныг улсын бусад хэсэгтэй холбож байсан сүүлчийн гүүр байжээ.
Израиль “Хезболла” бүлэглэл дэд бүтцийг ашиглахаас сэргийлэх зорилготой гэж мэдэгдсэн аж. Мөн “Хезболла”-гийн ойролцоогоор 70 объектыг устгасан байна.
Ерөнхий сайд Биньямин Нетаньяху өмнөд Ливанд тус бүлгийн “томоохон баазыг бараг устгасан” гэж хэлжээ.
Их Британид хүнсний хомсдол үүсэх эрсдэл
Хэрэв Ормузын хоолой удаан хугацаанд хаалттай байвал Их Британид хүнсний хомсдол үүсч болзошгүй аж. Учир нь, мах боловсруулах, хүнс хадгалахад зайлшгүй хэрэгтэй нүүрсхүчлийн хий (CO₂) тасалдах эрсдэлтэй холбоотой юм байна.
Гэхдээ албаныхан “Энэ нь “хамгийн муу хувилбар” бөгөөд бодит таамаг биш”-” гэж онцолжээ.
АНУ: Дайны зардал тодорхойгүй
Цагаан ордон Ирантай дайтах боломжит зардлыг одоогоор бүрэн тооцоогүй байгаа аж. Тус ордны Төсвийн албаны дарга Рассел Воут “2027 оны батлан хамгаалахын төсөвт 1.5 их наяд доллар тусгахаар төлөвлөсөн” гэж Конгресст мэдэгдсэн байна.
Эх сурвалж: BBC













































































