Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.04.16) нэгдсэн хуралдаан Улсын Их Хурлын 84 гишүүн хүрэлцэн ирснээр 66.7 хувийн ирцтэйгээр 10.01 цагт эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэхээр танилцууллаа.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т “Улсын Их Хурлын дарга хууль санаачлагчаас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Байнгын хороог, хэрэв тухайн төсөл хэд хэдэн Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарахаар бол Зөвлөлтэй зөвшилцөн холбогдох болон бусад Байнгын хороог тогтоож, нэгдсэн хуралдаанд мэдээлнэ” гэж заасны дагуу С.Бямбацогт холбогдох мэдээллийг танилцуулав.
Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг нарын 8 гишүүний 2026 оны дөрөвдүгээр сарын 9-ний өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Эдийн засгийн байнгын хороонд хуваарилсан байна.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.3-т заасны дагуу Засгийн газраас хуулийн төслөө татан авах тухай албан бичгийг 2026 оны дөрөвдүгээр сарын 09-ний өдөр Улсын Их Хуралд ирүүлснийг Улсын Их Хурлын дарга нэгдсэн хуралдаанд танилцуулав. Засгийн газраас 2025 оны арван хоёрдугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслүүдийг татан авч буйг тус албан бичигт дурджээ. Улсын Их Хурлын дарга нэгдсэн хуралдаанд энэ тухай танилцуулснаар хууль санаачлагч хуулийн төслөө татан авсанд тооцлоо.
Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжив
Нэгдсэн хуралдаанаар эхлээд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2026 оны гуравдугаар сарын 9-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Улсын Их Хурлын 2026 оны дөрөвдүгээр сарын 09-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлж, дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар санал хураалт явуулахын өмнө Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг уг асуудлаар нэг өдрийн завсарлага авсан юм.
Завсарлагын хугацаа дууссан тул Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл энэ талаар мэдэгдсэнээр төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ.
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад Улсын Их Хурлын 101 гишүүний 57 нь буюу 56.4 хувийн саналаар дэмжив.
Түүнчлэн хамт өргөн мэдүүлсэн Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх Ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон “Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэхээр нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэлээ.
Гишүүдийн олонх дээрх хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.












































































