Иран улс Улаан тэнгисийг хааж болзошгүй талаар анхааруулав. Хэрэв АНУ Ормузын хоолойд байрлах Ираны боомтуудыг бүслэн хаах ажиллагаагаа үргэлжлүүлвэл Ираны арми Улаан тэнгис болон Персийн булангаар дамжин өнгөрөх усан тээврийг хаана гэж мэдэгдсэн байна.
Ираны зэвсэгт хүчний дээд командлалын төлөөлөгч, генерал Али Абдоллахи дөрөвдүгээр сарын 15-ны лхагва гарагт улсын телевизээр ярихдаа “АНУ-ын үргэлжилсэн бүслэлт Ираны худалдааны хөлөг онгоц, нефтийн танкеруудад нэмэлт аюул учруулж байгаа бөгөөд энэ нь одоогийн гал зогсоох дэглэмийг зөрчихийн “дохио” болно” гэж онцолжээ.
Тэрбээр цааш нь хэлэхдээ “Ийм нөхцөлд Ираны зэвсэгт хүчин Персийн булан, Оманы булан болон Улаан тэнгисээр дамжих ямар ч экспорт, импортыг зөвшөөрөхгүй” гэж мэдэгдсэн байна.
Мөн Ираны холбоотон болох Йемений хуситууд Улаан тэнгисийг Аденийн булантай холбодог Баб-эль-Мандебийн хоолойд усан тээврийг хааж болзошгүй гэж дурджээ.
Иран дахь дайны хоёр долоо хоногийн гал зогсоох хэлэлцээр
Иранд өрнөж буй дайнд хоёр долоо хоногийн гал зогсоох хэлэлцээр дөрөвдүгээр сарын 22 хүртэл үргэлжилж байна. АНУ болон Ираны хооронд болсон эхний шатны хэлэлцээ дөрөвдүгээр сарын 12-нд Пакистаны нийслэлд өндөрлөсөн ч тодорхой үр дүнд хүрээгүй.
АНУ-ын мэдээлснээр, Иран улс цөмийн зэвсэг бүтээх төлөвлөгөөнөөсөө татгалзах тодорхой баталгаа өгөөгүй аж. Харин Тегеран Вашингтоныг “хүлээн зөвшөөрөх боломжгүй шаардлага” тавьсан гэж буруутгажээ.
Үүний дараа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны боомтуудыг Ормузын хоолойд бүслэх шийдвэр гаргаж, энэ нь дөрөвдүгээр сарын 13-наас хэрэгжиж эхэлсэн.
Энхийн үед Ормузын хоолойгоор дэлхийн нийт далайн нефть болон шингэрүүлсэн хийн (СПГ) тээврийн ойролцоогоор 25 хувь дамжин өнгөрдөг байжээ. Цэргийн ажиллагаа эхэлснээс хойш Иран ч мөн энэ хоолойг хаах арга хэмжээ авч эхэлсэн.
АНУ болон Израиль хоёрдугаар сарын 28-нд Ираны эсрэг цэргийн ажиллагаа эхлүүлж, Ерөнхийлөгч Дональд Трамп үүнийг “Тегеран цөмийн зэвсэг бүтээхээс сэргийлэх шаардлагатай” гэж тайлбарласан билээ.
Эх сурвалж: DW













































































