Монголын Дугуйн Холбооны 2026 оны засмал замын дугуйн улирлын нээлтийн уралдаан болж, шилдгүүддээ шалгаруулав.
Тэмцээн өсвөр, бага наснаас эхлээд залуучууд, насанд хүрэгчид, ахмадын гээд бүх насныхныг хамран оролцуулж чадсанаараа онцлогтой.
Насны ангиллаас гадна сонирхогчид, мастер, элит гэсэн ангиллуудад нийт 200 гаруй тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин уралдаж, 23 багц медалийн эздийг тодруулжээ.
Эрэгтэйчүүдийн элит ангилалд Үндэсний шигшээ баг, “CATCO” клубийн тамирчин, ОУХМ Б.Марал-Эрдэнэ тэргүүн байрт шалгарч аварга болсон байна.
Ази тивийн аварга Б.Марал-Эрдэнэ олон улсад Тайландын “Roojai” мэргэжлийн багт уралдаж буй. Тэрбээр удахгүй Узбекистан улсыг зорьж, олон улсын томоохон тэмцээнд оролцохоор бэлтгэл сургуулилтаа базаах аж.
Элит ангиллын уралдааны 3.2 км замыг 10 тойрч, нийт 32 км зайд уралдахад Б.Марал-Эрдэнэ 47:54.93 секундийн хугацаанд замаа дуусгажээ. Ялагч сүүлийн тойрогт, сүүлийн мөчид тодорсон энэ ангиллын мөнгөн медалийг Б.Батбаатар (CATCO), хүрэл медалийг Х.Тэмүүлэн (Төв Ургац) нар хүртжээ.
Тэд тэргүүлэгчээс секунд хүрэхгүй богино хугацааны дараа барианд орсон тэнцүүхэн өрсөлдсөн байна. Х.Тэмүүлэнгийн хувьд энэ жилийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, хошой мөнгөн медаль хүртээд байгаа элит ангиллын шилдэг залуу тамирчдын нэг юм.
ОУХМ Б.Марал-Эрдэнэ уралдааны дараа түрүүлсэн сэтгэгдлээсээ хуваалцахдаа “Цаг агаараас шалтгаалаад тойрог цөөрсөн учраас гараанаасаа өндөр ажиллагаатай, өндөр хурдтай, спринт уралдаан боллоо. Тамирчид бороо, салхи гээд амаргүй шалгуур давж уралдлаа. Багийн ажиллагаа шаардсан, ширүүн өрсөлдөөнтэй уралдаанд түрүүлсэндээ баяртай байна” гэв.
Эмэгтэйчүүдийн элит ангиллын дүн:
Г.Энхжин – “CATCO” Racing team
Э.Энхмаа – “Алдар” спорт хороо
Д.Эрдэнэтуяа – “Улаанбаатар” нийгэмлэг
Монголын дугуйн холбооноос өмнөх долоо хоногт уулын дугуйн төрлийн нээлтийн тэмцээнийг зохион байгуулсан бол энэ удаад ийнхүү засмал замын дугуйн улирлаа албан ёсоор нээв.
Монголын дугуйн холбооны ерөнхийлөгч Б.Гүрсоронзон тэмцээнийг нээж хэлсэн үгэндээ “Энэ 2026 оны календарчилсан төлөвлөгөөний дагуу Монголын дугуйн холбооны хамт олон нийт 35 тэмцээн, уралдаан зохион байгуулахаар төлөвлөсний 15 нь засмал замын дугуйн уралдаан байх аж.
Тэмцээнүүдийн хувьд спорт, өрсөлдөөн гэх үндсэн агуулгаасаа гадна дугуйн спортыг олон нийтэд түгээн дэлгэрүүлж, бүх нийтийг хамруулж, өдөр тутмын эрүүл амьдралын хэв маягийг сурталчлах зорилготой.
Мөн дотоодын болон олон улсын тэмцээнүүдээс Монголын дугуйчид энэ онд болох Азийн зуны спортын 20-р наадам, Залуучуудын олимпын 4-р наадам, Дэлийн АШТ тэргүүтэй тив, дэлхийн чанартай томоохон тэмцээнүүдэд эх орноо төлөөлөн оролцох эрхээ авах аж.
Тэмцээний өсвөр, залуучуудын ангиллын дүнг танилцуулбал:
Охидын 12 хүртэлх нас:
С.Баярхишиг – “Алдар” спорт хороо
Г.Номин-Эрдэнэт – “Хурд Эрдэнэт”
А.Уранжолоо – “Төв Ургац”
Хөвгүүдийн 12 хүртэлх нас:
А.Энхмөнх – “Хурд Эрдэнэт”
Э.Тэмүүжин – “СХД Өсөх-Ирээдүй”
Н.Мөнхжин – “Цасан зам”
Охидын 13-14 нас:
А.Анхилуун – “Цасан зам”
Б.Өнөрцэцэг – “Шилийн богд”
Г.Нигүүлсэл – “Хурд Эрдэнэт”
Хөвгүүдийн 13-14 нас:
Б.Даваажаргал – “Төв Ургац”
Д.Сүхбат – “Төв Ургац”
П.Лхагвадорж – “Шилийн богд”
Охидын 15-16 нас:
Ү.Нандин-Эрдэнэ – “Төв Ургац”
Б.Бадамцэцэг – “Шилийн богд”
Б.Халиунаа – “СХД Өсөх-Ирээдүй”
Хөвгүүдийн 15-16 нас:
Б.Төгөлдөр – “Төв Ургац”
Б.Отгондалай – “Шилийн богд”
Б.Батцагаан – “Төв Ургац”
Залуучуудын ангилал 17-18 нас охид:
Н.Энхжин – “Цасан зам”
Г.Ариунхүслэн – “Дугуйтай Сэлэнгэ”
Д.Отгонзул – “Төв Ургац”
Залуучуудын ангилал 17-18 нас хөвгүүд:
Б.Төгөлдөр – “Төв Ургац”
А.Хүслэн – “Хубилай хаан”
М.Мөнхсоёл -“Хубилай хаан”












































































