Иран улс Ормузын хоолойг арилжааны хөлгүүдэд нээлттэй болсон гэж мэдэгдсэн ч бодит хяналтын мэдээллээр усан онгоцны хөдөлгөөн маш бага хэвээр буй ажээ.
Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи уг хоолойг нээсэн гэж мэдэгдсэн боловч хөлгүүд зөвхөн тусгайлан заасан “аюулгүй чиглэл”-ээр зорчих ёстойг онцолсон байна.
Тегеран нь хоёрдугаар сарын 28-нд АНУ болон Израиль улс Иранд цохилт өгснөөс хойш дэлхийн нефтийн тээврийн чухал гарц болох энэ хоолойг хаагаад байв. АНУ ба Ираны хооронд байгуулсан гал зогсоох хэлэлцээр дөрөвдүгээр сарын 22-нд дуусах товтой байгаа аж.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Ираны боомтуудад тавьсан тэнгисийн бүслэлт энхийн гэрээ байгуулагдах хүртэл үргэлжилнэ” гэж мэдэгдээд, үүнийг “дэлхийн хувьд гайхалтай өдөр” хэмээн тодорхойлжээ.
Харин далайн тээврийн байгууллагууд уг хоолой үнэхээр аюулгүй болсон эсэхийг одоогоор баталгаажуулж чадаагүй аж. Хяналтын мэдээллээр, усан онгоцны хөдөлгөөн маш бага буй юм байна.
Арагчи Израиль ба Ливаны хооронд байгуулсан 10 хоногийн гал зогсоох хэлэлцээрийн эхний өдөр буюу баасан гарагт мэдэгдэл гаргажээ.
Тэрбээр “Ливанд гал зогсоосонтой уялдуулан Ормузын хоолойгоор арилжааны бүх хөлөг онгоц урьдчилан зарласан зохицуулалтын дагуу, тодорхой чиглэлээр чөлөөтэй зорчих боломжтой” гэж X (хуучнаар Twitter) сүлжээнд бичсэн байна.
Дараа нь Ираны төрийн телевиз “өндөр албан тушаалтан”-ы үгийг иш татан, “Хөлгүүд зөвхөн тусгай чиглэлээр нэвтрэх бөгөөд цэргийн хөлгүүдийг нэвтрүүлэхийг хориглосон хэвээр байна” гэж мэдээлжээ.
Энэ нь Ираны Хувьсгалт гвард (IRGC)-ын тодорхойлсон, Ираны хэвлэлүүдээр нийтлэгдсэн хоёр чиглэлийн маршрутыг хэлж байгаа аж.
Гэвч Ираны зарим хэвлэл Арагчийн мэдэгдлийг шүүмжилж, IRGC-тэй холбоотой Tasnim агентлаг уг мэдээллийг “дутуу, ташаа” гэж үзжээ. Мөн АНУ-ын тэнгисийн бүслэлт үргэлжилвэл энэ “нээлт” хүчин төгөлдөр бус болно гэж анхааруулсан байна.
Ираны парламентын дарга Мохаммад Багер Галибаф АНУ-ын Ерөнхийлөгч Трампын мэдэгдлийг шүүмжилж, “Нэг цагийн дотор хэлсэн долоон зүйл нь бүгд худал” гэжээ. Тэрбээр мөн “АНУ-ын бүслэлт үргэлжилвэл Ормузын хоолой нээлттэй хэвээр байх боломжгүй” гэж онцолсон байна.
Иран улс Ливанд төвтэй зэвсэгт бүлэглэл “Хезболла”-гийн холбоотон юм. Израиль гуравдугаар сарын 2-нд Ливанд цохилт өгсөн нь “Хезболла”-гийн довтолгооны хариу бөгөөд уг довтолгоо нь АНУ болон Израилийн Иранд хийсэн цохилтын ч хариу аж.
Энэ хооронд Трамп хэлэхдээ, дайныг зогсоох хэлэлцээ амралтын өдрүүдэд үргэлжилнэ. Талуудын хооронд тийм ч их ойлголтын зөрүү байхгүй гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна.
Мөн Ираны Гадаад хэргийн яам “Баяжуулсан ураны нөөцөө ямар ч нөхцөлд, хаашаа ч шилжүүлэхгүй” гэж мэдэгдэж, Трампын АНУ-д шилжүүлнэ гэсэн мэдэгдлийг няцаажээ.
Трамп харин CBS News-д өгсөн ярилцлагадаа цэргийн хүч ашиглах шаардлагагүй, АНУ Ирантай хамтран ураныг авч явна гэж хэлсэн байна.
Ормузын хоолойгоор дэлхийн нефть болон шингэрүүлсэн хийн ойролцоогоор 20 хувь дамжин өнгөрдөг ч сүүлийн мөргөлдөөний улмаас хөлгийн хөдөлгөөн эрс буурчээ. Иран танкеруудыг довтолж болзошгүй, мөн усанд мина байршуулсан байж магадгүй гэж анхааруулсан нь дэлхийн эдийн засагт хүчтэй нөлөөлж, шатахууны үнэ өсөхөд хүргэсэн байна.
Арагчийн мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурсан ч уг “нээлт” бодит эсэх, хөлгүүд аюулгүй зорчих боломжтой эсэх нь тодорхойгүй хэвээр байгаа аж.
Олон улсын далайн байгууллагын тэргүүн Арсенио Домингес “Усан онгоцууд ямар ч эрсдэлгүй зорчих баталгаа хэрэгтэй” гэж мэдэгдсэн байна.
Зарим хөлөг хөдөлж эхэлсэн байж болзошгүй ч зарим нь довтолгооноос зайлсхийхийн тулд байршил илрүүлэх системээ унтраадаг тул баталгаажуулахад хүндрэлтэй байгаа аж.
Мөн шинжээчид ойрын долоо хоногуудад тэнгисийн тээврийн нөхцөл байдал таагүй хэвээр байна гэж үзэж буйгаа илэрхийлжээ.
Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер “Францтай хамтран Ормузын хоолой дахь арилжааны тээврийг хамгаалах олон улсын ажиллагааг удирдана” гэж мэдэгдээд, энэ нь зөвхөн хамгаалалтын, энхийн зорилготой байхыг онцолсон байна.
Эх сурвалж: BBC












































































