Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн ээлжит хурал 2026 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр Эдийн засаг, хөгжлийн яаманд болов. Хуралдааныг Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр даргалж, экспортын салбарт тулгамдаж буй асуудал, өнөөгийн нөхцөл байдлын талаар санал солилцон, холбогдох байгууллагуудад хугацаатай үүрэг, чиглэл өгсөн байна.
Хуралдаанд Эдийн засаг, хөгжлийн яам, Зам, тээврийн яам, Сангийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Гаалийн ерөнхий газар, Хилийн боомтын захиргаа, Стандарт хэмжил зүйн газар, Эрдэнэс Монгол, Монголын Хөрөнгийн Бирж, Хөрөнгө оруулалт, худалдааны газар, Эрдэнэс Тавантолгой, Тавантолгой ХК, Хил хамгаалах ерөнхий газар зэрэг төрийн болон холбогдох байгууллагуудын удирдлагууд оролцжээ.
Хуралдааны эхэнд Эдийн засаг, хөгжлийн яамны Макро эдийн засгийн бодлогын газрын дарга Л.Энх-Амгалан 2026 оны нэгдүгээр улирлын эдийн засгийн нөхцөл байдлын талаар танилцуулж, валютын нөөцийг нэмэгдүүлэх, уул уурхай болон хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг өсгөх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн байна.

Үүний дараа Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр Ойрх Дорнодын бүс нутгийн нөхцөл байдалтай холбоотой мэдээлэл хийж, үндэсний сөрөн тэсвэрлэх стратегийн талаар танилцуулжээ. Тэрбээр газрын тос, байгалийн хийн үнийн савлагаа, нийлүүлэлтийн өөрчлөлт нь Монгол Улсын эдийн засагт хэрхэн нөлөөлж буйг дурдан, хүнс, эм, эрчим хүч, түлш шатахууны хангамжийн эрсдэлийг онцлон тэмдэглэсэн байна.
Мөн тэрээр энэ оны дөрөвдүгээр сарын дунд үеийн байдлаар Монгол Улсын экспорт 5.9 тэрбум ам.долларт хүрч, өмнөх үеэс 63 хувиар өссөнийг онцолж, үүнд нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн гэж дурджээ. Хэдийгээр нүүрсний үнэ буурсан ч биржийн арилжаа сэргэж, дуудлага худалдааны үеэр үнэ өсөх хандлага ажиглагдаж эхэлснийг тэмдэглэсэн байна.
Экспортын өсөлт нь гадаад валютын нөөцийг нэмэгдүүлж байгаа боловч олон улсын зах зээлийн тодорхойгүй байдал, геополитикийн эрсдэлээс шалтгаалан төсвийн орлогод сөргөөр нөлөөлөх эрсдэл хэвээр байгааг тэрээр анхааруулжээ. Иймд экспортын тасралтгүй өсөлтийг хангах, гадаад валютын урсгалыг тогтвортой байлгах нь нэн чухал болохыг онцолсон байна.
Энэ хүрээнд хилийн боомтуудын дэд бүтцийг сайжруулах, гаалийн үйл ажиллагааг оновчтой болгох, цахим шилжилтийг эрчимжүүлэх, ухаалаг гарцын систем болон лабораторийн хүчин чадлыг бүрэн ашиглалтад оруулах замаар экспортын урсгалыг саадгүй болгох үүргийг холбогдох байгууллагуудад өгчээ.
Түүнчлэн гаалийн бүрдүүлэлт, лабораторийн шинжилгээтэй холбоотой 4–7 хоногийн саатлыг бууруулах, ажлын цагийг уртасгах, хүний нөөцийг нэмэгдүүлэх, байгууллагуудын мэдээлэл солилцоог бодит цагийн горимд шилжүүлэх, эрсдэлийн үнэлгээний нэгдсэн систем нэвтрүүлэх шаардлагатайг онцолсон аж. Ингэснээр бага эрсдэлтэй тээврийг шуурхай нэвтрүүлэх боломж бүрдэх юм байна.

Боомтуудын үйл ажиллагааг тасралтгүй, найдвартай явуулж, эрчим хүч болон сүлжээний доголдлыг арилган, терминалуудын хүчин чадлыг бүрэн ашигласнаар нүүрсний экспорт жилд 5-7 сая тонноор нэмэгдэж, экспортын орлого 350–420 сая ам.доллараар өсөх боломжтойг мөн дурджээ.
Үүнээс гадна уул уурхайн бус экспортыг дэмжих зорилгоор “Гадаад худалдааны нэг цонх” цахим системийг нэвтрүүлэх, олон улсын худалдааны хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, стандарт, ангиллын тогтолцоог сайжруулах, хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагааг ил тод, хүртээмжтэй болгох, аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн ачааллыг бууруулах, хувийн хэвшилд үүсдэг хүнд суртал, дарамтыг багасгах, зөвшөөрөл дагасан авлигын сүлжээг таслан зогсоох чиглэлээр тодорхой үүрэг өгсөн байна.
Ажлын хэсгээс өгсөн үүрэг, даалгаврын хэрэгжилтийг 14 хоног тутамд тайлагнаж, цаашдын үр дүнг тогтмол хэлэлцэхээр шийдвэрлэөээ.










































































