Нийслэл 2026 оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарласан. Үүнтэй холбогдуулан стандартад нийцсэн чанартай үйлчилгээ үзүүлж буй авто үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудыг сурталчлан таниулах, үйл ажиллагааг нь дэмжих зорилгоор “Auto service – Open day” арга хэмжээг тавдугаар сарын 8-наас 10-ны хооронд зохион байгуулахаар болжээ.
Нийслэл болон төвийн зургаан дүүргийн Засаг даргын тамгын газар, Нийтийн тээврийн бодлогын газар хамтран анх удаа зохион байгуулж буй уг арга хэмжээ нь Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Б.Ширэндэвийн гудамж буюу хуучнаар Монтелын гудамжинд болох юм байна.
Тус арга хэмжээний үеэр авто үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд үйлчилгээгээ танилцуулж, иргэдэд чанартай, найдвартай, хүртээмжтэй, шуурхай үйлчилгээг хямдралтай, урамшуулалтайгаар хүргэх ажээ.













































































