Хүмүүс ихэвчлэн нэмэлт витамин уухдаа “их байх тусмаа сайн” гэж боддог. Гэвч энэ нь зөв биш юм.
Витамин D-г өдөрт хэрэглэх ёстой хэмжээнээс хэтрүүлвэл ашгаас илүү хор уршиг учруулж болзошгүй бөгөөд үүнээс үүдэн гарах шинж тэмдгийг хүмүүс төдийлөн анзаарахгүй өнгөрөх нь бий.
Витамин D яс бат бөх байлгах, дархлааг дэмжих, кальци, фосфорыг биед шингээхэд тусалдаг чухал шим тэжээл юм. Үүнийг “нарны витамин” ч гэж нэрлэдэг. Түүнийг тослог загас, баяжуулсан хүнс, нэмэлт бэлдмэлээс авч болох билээ.
Их Британид долоон настай Рүү нэртэй хүү өсөлтийн улмаас хөл өвдөхөд витамин D ууж байжээ. Гэвч түүнд өгсөн витамин D3 дусаалга зөв хэмжээнээс долоо дахин өндөр тунтай байсан аж.
Үүний улмаас бөөрний хурц үрэвсэл үүссэн бөгөөд эмч нар эхэндээ тархины хавдар байж болзошгүй гэж хүртэл сэжиглэжээ.
Хүүд жин огцом буурах, их ус уух зэрэг шинж тэмдгүүд илэрсэн байна. Мөн цусан дахь кальцийн хэмжээ хэт ихсэж (гиперкальциеми) тул эмч нар ихэд санаа зовжээ.
Витамин D-гийн хордлого гэж юу вэ?
Витамин D-гийн хордлого гэдэг нь витамин D-г хэтрүүлэн хэрэглэснээс үүсдэг эмгэг юм. Гол хүндрэл нь цусан дахь кальци хэт ихсэх (гиперкальциеми) ажээ.
Витамин D хэтэрсэн үед
- хоолны дуршил буурах
- дотор муухайрах, бөөлжих
- өтгөн хатах
- шингэн алдалт
- их цангах
- ойр ойрхон шээх
- толгой эргэх, будилах
- ядрах
- булчин сулрах
- алхахад хүндрэлтэй болох
- яс өвдөх
- бөөрөнд чулуу үүсэх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг байна.
👉 Энэ өвчин харьцангуй ховор, АНУ-д жилд ойролцоогоор 4500 тохиолдол бүртгэгддэг ажээ. Эмчилгээ нь голчлон цусан дахь кальцийн хэмжээг бууруулахад чиглэдэг.
Витамин D ууж эхлэх хэрэгтэйг илтгэх 4 шинж ба дутагдалд хамгийн өртөмтгий хүмүүс
Эх сурвалж: UNILAD













































































