Унгарын Ерөнхий сайд Виктор Орбаны 16 жилийн засаглал төгсөж, түүний байгуулсан тогтолцоо сонгуулиар бутран унажээ. Түүнийг ялсан хүн бол 45 настай, өмнө нь эрх баригч намтай холбоотой байсан улс төрч Петер Мажар аж.
Мажар Будапешт хотод дэмжигчдэдээ хандан “Бид чадлаа. Бид хамтдаа энэ дэглэмийг унагалаа” гэж мэдэгдсэн байна.

Сонгуулийн үр дүн: Саналын 98 гаруй хувийг тоолсны дараах урьдчилсан дүнгээр Мажарын Tisza нам 138 суудал, Орбаны Fidesz нам 55 суудал, хэт барууны “Манай эх орон” нам 6 суудал тус тус авчээ. Ингэснээр Мажар Үндсэн хуульд өөрчлөлт оруулахад шаардлагатай 2/3 олонхийг бүрдүүлэх боломжтой болжээ.
Сүүлийн хоёр жилийн хугацаанд Мажар улс даяар аялж, авлига, танил талын сүлжээ (крони систем), төрийн нөөцийг үр ашиггүй зарцуулалт зэрэг асуудалд дургүйцсэн иргэдийг нэгтгэж чадсан байна.
Тэрбээр “Ардчилсан Унгарын түүхэнд ийм олон хүн оролцсон сонгууль, ийм хүчтэй дэмжлэг авч байсан нам өмнө нь байгаагүй”
гэж онцолжээ. Сонгогчдын ирц 79 хувьд хүрсэн нь рекорд үзүүлэлт болсон байна.
Орбан хүлээн зөвшөөрөв

Ялалтын дараа Виктор Орбан өөрөө Мажарт утсаар баяр хүргэсэн байна. Дараа нь тэрбээр “Сонгуулийн үр дүн тодорхой бөгөөд хүнд байна” гэж мэдэгдэж, өөрийг нь дэмжсэн 2.5 сая иргэнд талархал илэрхийлжээ.
Гэсэн ч тэр намын даргын албан тушаалаасаа огцроогүй бөгөөд түр хугацаанд удирдлагаа үргэлжлүүлэх төлөвтэй байгаа аж.
Цаашдын өөрчлөлт
Петер Мажар дараах томоохон өөрчлөлтүүдийг амалжээ. Үүнд: боловсрол, эрүүл мэндийн салбарын шинэчлэл, авлигатай тэмцэх, шүүхийн хараат бус байдлыг сэргээх, эрх баригчдын ашиг сонирхлын “сүлжээ” (NER)-г татан буулгах багтжээ. Мөн төрийн мэдээллийн хэрэгслүүдийг шинэчлэх зорилт тавьжээ.
Сонгуулийн өмнө улс оронд хоёр өөр бодит байдал зэрэгцэн оршиж байсан аж. Нэг талд Орбаны дэмжигчид ялна гэж итгэж байсан бол нөгөө талд Мажар олон нийтийн дэмжлэгийг эрчимтэй авчээ. Эцэст нь, сонгуулийн шөнө энэ хоёр “ертөнц” мөргөлдөж, бодит байдал ил болсон байна.

Мажар Европын Холбоотой харилцааг сайжруулах, Польштой түншлэлийг бэхжүүлэх амлалт өгчээ. Түүний дэмжигчид “Оросууд нутаг буц” гэж уриалж байсан нь Орбаны ОХУ-тай ойр бодлогыг шүүмжилсэн явдал аж.
Энэ сонгууль нь 16 жилийн засаглалд цэг тавьсан, Унгарын улс төрийн чиглэлийг өөрчилсөн, ардчиллын шинэ үе эхлэх боломжийг нээсэн түүхэн үйл явдал боллоо гэж дүгнэж буй юм байна.
Эх сурвалж: BBC













































































