НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO) “Ормузын хоолойн саатал үргэлжилвэл дэлхий нийт хүнсний ноцтой хямралтай нүүр тулж болзошгүй” гэж анхааруулав.
АНУ, Израилийн Ираны эсрэг дайны улмаас тус чухал далайн гарцаар дамжих хөдөө аж ахуйн гол орцын тээвэр тасалдаж буй. Хэрэв энэ байдал удаан үргэлжилвэл дэлхийн хүнсний системд ноцтой цохилт өгч болзошгүй аж.
НҮБ-ын байгууллагын ерөнхий эдийн засагч Максимо Тореро даваа гарагт өгсөн ярилцлагадаа, одоогоор нөөц хангалттай буй тул хүнсний үнэ өсөөгүй байгааг онцолжээ. Тэрбээр FAO-ийн Агро-хүнсний эдийн засгийн хэлтсийн захирал Дэвид Лабордтой хамт ярилцлага өгсөн байна.
Гэвч Лаборд хэрэв уг хоолойгоор дамжин өнгөрөх тээвэр сэргэхгүй бол эрчим хүч, бордооны зах зээлд үүссэн доголдол энэ оны сүүлээс эхлэн 2027 он хүртэл түүхий эд болон жижиглэнгийн үнийг өсгөх эрсдэлтэйг анхааруулсан байна.
FAO-ийн мэдээлснээр, дэлхийн чухал агро-хүнсний орцын 20-45 хувь нь Ормузын хоолойгоор дамжин тээвэрлэгддэг.
Лаборд “Бид одоогийн байдлаар орцын хямралтай тулгараад байна. Үүнийг сүйрэл болгохыг хүсэхгүй байна. Ялгаа нь бидний авах арга хэмжээнээс шалтгаална” гэж хэлжээ.
Харин Тореро “Одоогийн байдлаар хүнсний хямрал үүсээгүй. Учир нь, нийлүүлэлт хангалттай байна. Газ, газрын тосны үнэ өссөн ч талх, буудайн үнэ нэмэгдээгүй нь сайн ургацын нөлөө” хэмээн тайлбарласан байна. Гэвч тэрбээр “Энэ бол зөвхөн одоогийн байдал” гэж онцолжээ.
Бордооны эрсдэл
Дэлхий даяар худалдаалагддаг хамгийн өргөн хэрэглээтэй бордоо болох мочевины (urea) бараг тал хувь, мөн бусад их хэмжээний бордоо Персийн булангийн орнуудаас Ормузын хоолойгоор дамжин экспортлогддог. Иймээс уг гарцад үүсэх саатал дэлхийн хөдөө аж ахуйд хүчтэй нөлөөлөх эрсдэлтэй аж.
Сүүлийн үед байгалийн хийн нийлүүлэлт, тээврийн доголдлоос болж бордооны үйлдвэрүүд үйлдвэрлэлээ зогсоох, эсвэл бууруулахад хүрчээ.
Тореро “Хэрэв энэ гол гарц дахь хөдөлгөөн үргэлжлэн саатвал тариаланчид бага бордоогоор тариалан хийх, эсвэл бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэхээс өөр аргагүйд хүрнэ” гэж хэлжээ.
Тэр “Иймээс гал зогсоох хэлэлцээр үргэлжлэх нь маш чухал. Зөвхөн гал зогсоох биш, мөн хөлөг онгоцууд дахин хөдөлгөөнд орох хэрэгтэй. Цаг хугацаа биднийг хүлээхгүй” гэж анхааруулсан байна.
Мөн тэр ядуу буурай орнууд хамгийн их эрсдэлд өртөх бөгөөд тариалалтын улирлын онцлогоос шалтгаалан гол орцод саатал үүсэхэд ургац буурч, инфляц өсөж, дэлхийн эдийн засгийн өсөлт саарах аюултайг нэмж хэлжээ.
Геополитикийн нөхцөл байдал
Иран улс АНУ, Израилийн довтолгоонд хариу болгон Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх хөдөлгөөнийг бараг бүрэн зогсоосон. Тус дайн хоёрдугаар сарын 28-нд эхэлж, дээд удирдагч Али Хаменеи амиа алдсан билээ.
Энэ нөхцөл байдал дэлхийн эрчим хүчний хямралыг өдөөж, газрын тос, хийн үнэ дайнаас өмнөх үеийнхээс хоёр дахин өсөхөд хүргэсэн байна.
Амралтын өдрүүдэд Иран болон АНУ-ын төлөөлөгчид 21 цагийн турш хэлэлцээ хийсэн ч байнгын гал зогсоох тохиролцоонд хүрч чадсангүй.
Үүний дараа АНУ-ын Ерөнхийлөгч Donald Trump тус хоолойд тэнгисийн бүслэлт тогтоох шийдвэр гаргажээ. Тэрээр Иранд төлбөр төлөн уг хоолойгоор нэвтрэх гэж буй хөлөг онгоцуудыг олон улсын усанд зогсоож, шалгана гэж мэдэгдсэн байна.
Дараа нь АНУ-ын арми Ираны боомтуудад (Персийн булан болон Оманы булан дахь) орж, гарах бүх усан замын хөдөлгөөнийг хаана гэдгээ мэдэгджээ.













































































