Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллаж, салбарын ажилтан, албан хаагчид болон иргэдийн төлөөлөлтэй уулзалт хийв.
Уулзалтын үеэр эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлуудыг богино хугацаанд шийдвэрлэх чиглэлээр холбогдох албан тушаалтнуудад тодорхой үүрэг, чиглэл өгсөн байна.
Тухайлбал, эмч, ажилчдын цалингийн нэмэгдлийг шинэчилсэн суурь цалингаас тооцож олгодог тогтолцоонд шилжүүлэх асуудлыг судалж, шаардлагатай тооцооллыг яаралтай хийж, ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар болжээ.
Эмч, ажилчдын цалинг 2026 онд нийт 75 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гарсан бөгөөд одоогийн байдлаар 30 хувийн нэмэгдэл хэрэгжээд буй. Цаашид 2026 оны 8-12 дугаар саруудад сар бүр 9 хувиар нэмэгдүүлсээр, оны эцэст нийт өсөлт 75 хувьд хүрэхээр төлөвлөжээ.
Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс (илүү цаг), үр дүнгийн урамшуулал гэсэн дөрвөн бүрэлдэхүүнтэй байдаг.
Өмнө нь илүү цагийн хөлсөөс бусад нэмэгдлийг нэмэгдээгүй суурь цалингаас тооцон олгож байсан бол цаашид бүх төрлийн нэмэгдлийг шинэчилсэн, нэмэгдсэн цалингаас тооцож олгох зохицуулалтыг хэрэгжүүлэхийг Ерөнхий сайд Эрүүл мэндийн сайд Эрдэнэбилэгийн Батшугар-т үүрэг болгожээ.
Мөн тэрбээр эрүүл мэндийн салбарт хэмнэлтийн бодлого хэрэгжүүлэхгүй гэдгийг онцолж, салбарын ажилтнуудын нийгмийн асуудалд онцгой анхаарал хандуулна гэдгээ илэрхийлсэн байна.
Түүнчлэн эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлын гол шалтгаан болж буй цахимжилт болон эрүүл мэндийн даатгалын тогтолцоог шинэ шатанд гаргах нь олон асуудлыг цогцоор нь шийдвэрлэх боломж бүрдүүлнэ хэмээн үзэж буйгаа илэрхийлжээ.
Монгол эмч нарын ур чадвар олон улсын түвшинд хүрсэн ч эмийн чанар эмчилгээний үр дүнд сөргөөр нөлөөлж буйг дурдан, эмийн чанарт онцгой анхаарах шаардлагатайг онцолсон байна.
Мөн эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй олгодог эмийн жагсаалтыг нарийвчлан судалж, иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэх чиглэл өгчээ.













































































