НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр жил бүрийн дөрөвдүгээр сарын 12-ны өдрийг “Олон улсын сансрын нисэгчдийн өдөр” хэмээн тэмдэглэдэг.
Энэ өдөр нь хүн төрөлхтөн анх сансарт хөл тавьсан түүхэн үйл явдлыг дурсах зорилготой бөгөөд дэлхий даяар “Юрийгийн өдөр” хэмээн нэрлэн тэмдэглэдэг уламжлалтай.
Хүн төрөлхтний түүхэн алхам
Өнөөдрөөс 65 жилийн өмнө буюу 1961 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр Зөвлөлт Холбоот Улсын иргэн Юрий Гагарин дэлхийн анхны сансрын нисэгч болж, түүхэнд нэрээ мөнхөлсөн юм.
Тэрээр Восток-1 хөлгөөр Байконураас хөөрч, 108 минутын турш дэлхийг нэг удаа тойрон ниссэний дараа Саратов мужийн Смеловка тосгоны ойролцоо эсэн мэнд газардсан байдаг.
Энэ үйл явдал нь хүн төрөлхтөн сансар огторгуйг судлах шинэ эрин үеийг эхлүүлж, шинжлэх ухаан, технологийн хөгжилд асар том түлхэц өгсөн түүхэн мөч байв.
Сансрын нислэгийн өв, өнөөгийн хөгжил
Гагарины түүхэн нислэгээс хойш дэлхийн 40 гаруй улсын 500 гаруй хүн сансарт нисээд буй юм. Энэ нь сансар судлал зөвхөн нэг улсын бус, бүх хүн төрөлхтний хамтын ололт болж өргөжсөнийг харуулж байна.
Монгол Улс ч мөн энэ салбарын түүхэнд өөрийн байр суурьтай. 1981 оны гуравдугаар сарын 22-нд Монгол Улсын баатар, сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа Союз-39 хөлгөөр сансарт нисэж, Монгол Улсыг дэлхийн 10 дахь сансрын нисэгч орон болгосон түүхтэй.
Тэрбээр ЗХУ-ын баатар цол хүртсэн төдийгүй Монголын шинжлэх ухаан, залуусын мөрөөдлийн бэлгэ тэмдэг болсон юм.
Түүхэн өдрийн мэндчилгээ
Энэхүү өдрийг тохиолдуулан сансрын нисэгчдийн анхны үеийн төлөөлөгч, Монгол Улсын баатар Жүгдэрдэмидийн Гүррагчаа сансрын нисэгчдийн баярын мэндчилгээ дэвшүүлсэн байна.
Түүхэн нислэгийн сонирхолтой баримтууд
Өнөөдөр энэхүү түүхэн үйл явдлын тэгш ой буюу 65 жилийн ой тохиож байна.
Энэ өдөр хүн төрөлхтний сансар судлалын салбарт гаргасан амжилтыг алдаршуулан тэмдэглэдэг бөгөөд хүмүүс эх Дэлхийнхээ татах хүчнээс гарах боломжтой гэдгийг өөрийн биеэр батлан харуулсан Юрий Гагарины эр зоригоор бахархдаг билээ.
Зөвхөн сансрын нисэгчдийг алдаршуулаад зогсохгүй сансрын уудмыг эзэмшихэд оролцож буй эрдэмтэд, инженерүүд, туршин нисэгчид, зохион бүтээгчид гээд бүх мэргэжилтнүүдийн гавьяа зүтгэлийг үнэлдэг.
Гагариныг нислэгт бэлтгэх үйл явц маш нууцлаг байдалд, ширүүн өрсөлдөөний дунд явагдаж байв. Сансрын нисэгчдийг сонгон шалгаруулах ажиллагаа бүр 1959 онд эхэлсэн.
Олон мянган цэргийн нисэгчдээс Юрий Гагарин, Герман Титов, Григорий Нелюбов зэрэг цөөхөн хүн шалгарч, нислэгт бэлтгэх ажлыг Сергей Королёв тэргүүтэй Зөвлөлтийн эрдэмтэд удирдаж байжээ.
Ю.Гагариныг чухамдаа дөрөвдүгээр сарын 12-нд нисгэсэн нь ширүүн өрсөлдөөний илрэл байсан аж. Учир нь, сарын сүүлчээр Америкийн сансрын нисэгч Алан Шепард сансарт ниснэ гэсэн мэдээлэл ирсэн тул ЗХУ-ын удирдлага сансрын өрсөлдөөнд хоцрохгүйг эрмэлзэн ийм шийдвэр гаргажээ.

Сансарт гарсан үед жингүйдэл нь хүний биед болон сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг болохыг тухайн үеийн эрдэмтэд төгс сайн судлаагүй байсан тул Гагарины нислэгийг автомат горимоор явуулахаар шийджээ.
Онцгой тохиолдолд гар удирдлагыг ажиллуулах кодыг Гагаринд өгсөн байна. Мөн нислэгийн өмнө түүний эхнэртээ бичсэн “хагацлын захиа”-г амь үрэгдсэн тохиолдолд гэргий Валентинад нь өгөх ёстой байсан аж.
Энэ нь сансрын анхны нислэг маш их эрсдэлтэй байсныг илтгэх бөгөөд эх Дэлхийдээ эсэн мэнд буусан анхны сансрын нисэгчийг баатрын ёсоор угтан авах нь зүйн хэрэг.
Пуужин хөөрөх мөчид Ю.Гагарины хэлсэн “Поехали!” гэдэг алдартай үг өдгөө сансрын эриний гол бэлгэдлүүдийн нэг болжээ.
Өнөөдөр энэхүү түүхэн үйл явдлын тэгш ой буюу 65 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан уг нислэгтэй холбоотой, хүмүүсийн төдийлөн мэддэггүй зарим сонирхолтой баримтыг толилуулъя.
Зураг дээр: Нислэгийг удирдах төв. 1961 оны 4 дүгээр сарын 12
…Сансрын нисэгчдийн өнөөгийн Орос улс төдийгүй хилийн чанадад, ялангуяа алдарт “Байконур” сансрын нислэгийн төв байрладаг Казахстан болон ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улс орнуудад өргөн тэмдэглэдэг. Мөн зарим улсад сансартай холбоотой үндэсний өдрүүдийг тэмдэглэдэг ажээ. Тухайлбал,
АНУ-д 5 дугаар сарын эхний баасан гаргийг Сансар судлалын үндэсний өдөр, 5 дугаар сарын 5-ныг Сансрын нисэгчдийн өдөр хэмээн тэмдэглэдэг ажээ. 1970 онд анхны хиймэл дагуул болох “Дунфан Хун-1”-ийг хөөргөсөн өдрийг тохиолдуулан Хятад улсад 4 дүгээр сарын 24-нийг Сансрын нисэгчдийн өдөр болгон тэмдэглэдэг байна.
…Гагарины дуулган дээрх “СССР” гэсэн бичгийг нислэг эхлэхээс 20-хон минутын өмнө наасны учир нь, дэлхийд буух үед түүнийг гадаадын тагнуул гэж андуурч болох байв. Тодруулбал, нислэгээс нэг жилийн өмнө Зөвлөлтийн зенитчид Америкийн тагнуулын нисэх онгоцыг буудаж унагах үед нисгэгч Фрэнсис Гэри Пауэрс төстэй дуулга өмссөн байжээ.
…Долоон жилийн дараа буюу 1968 оны гуравдугаар сарын 27-нд Ю.Гагарин онгоцны ослоор амиа алдсаны дараа дээр дурдсан “хагацлын захиа”-г анхны сансрын нисгэгчийн гэргий Валентина хүлээн авсан гунигт түүх бий.

…Юрий Гагарин сансарт нисэхдээ ахлах дэслэгч цолтой байсан бол хошууч цолтойгоор эх Дэлхийдээ эргэн иржээ. Зөвлөлтийн удирдагч асан Хрущев анхны сансрын нисэгчийн цэргийн цолыг ахмад цолыг алгасан ахиулах зааврыг Батлан хамгаалахын сайд Р.Малиновскийд өгсөн гэх яриа бий.
…“Восток-1” хөлгийн нислэг эхлэхийн өмнө Ю.Гагаринд макаров гар буу өгчээ. Энэ нь хүнгүй зэлүүд нутагт буусан тохиолдолд сансрын нисэгч араатан амьтдаас өөрийгөө хамгаалах зориулалттай юм. 1965 онд Өмнөд Уралын нурууны цастай тайгад буусан “Восход-2” хөлгийн багийнханд гар буу хэрэг болж, чоно, баавгайг үргээж байжээ.

… Нислэг дууссанаас хоёр хоногийн дараа Кремлийн ордонд нижгэр хүлээн авалт болох үеэр Никита Хрущёв сансрын нисэгчтэй хамт зайдуухан газарт очоод бурхныг харсан эсэхийг нь асуухад Ю.Гагарин хошигнох байдлаар “харсан” хэмээн хариулжээ.
Гэтэл Зөвлөлтийн удирдагч түүнд “энэ тухай хэнд ч битгий яриарай, чамаас гуйя” гэв. Удалгүй Үнэн алдартны их хамба Алексий I сансрын нисэгчээс мөн ижил асуултыг асуужээ.
Шашны тэргүүнтэй тоглоом шоглоомоор харьцах нь Гагаринд зохимжгүй санагдсан тул “Үгүй, харамсалтай нь хараагүй ээ” гэж. Хариуд нь хамба “Юра, чамаас гуйя, энэ тухай хэнд ч бүү яриарай” гэсэн гэдэг.
…Анхны сансрын нисэгч 12-04 ЮАГ гэсэн дугаартай хар өнгийн “Волга” машин унадаг байжээ.
…1973 оноос эхлэн Зөвлөлтийн сансрын нисэгчид нисэхээсээ өмнө “Белое солнце пустыни” буюу “Цөлийн гэгээ” гэдэг киног үздэг уламжлал тогтжээ.
Тухайн үед буюу 1971 онд “Союз-11” хөлгийн багийнхан эмгэнэлтэйгээр амь үрэгдсэний дараа сансрын нисэгчид сэтгэл санааны хүнд байдалд ороод байв. Харин уг киног үзсэн “Союз-12” багийнхан эх Дэлхийдээ эсэн мэнд ирснээс хойш дээрх уламжлал бий болжээ.
…Анхны сансрын нисэгч олон улс орон уригдан очихдоо олон тооны товч авч явдаг байсан гэдэг. Учир нь, очсон улс бүрд хүмүүс түүний биед хүрч, тэвэрч, үнсэж байсан төдийгүй дурсгал болгож ямар нэгэн зүйлийг авч үлдэхийг эрмэлзэх болсон тул түүний өмссөн шинелийн товчнууд байнга тасарч байжээ.
…Эх дэлхийдээ буусан даруйдаа Гагарины хамгийн түрүүнд авсан шагнал нь “Атрыг эзэмшсэний төлөө” медаль байв. Түүнийг хайн олсон нисдэг тэрэг буусны дараа медалийг гардуулсан гэдэг. Хожим нь уг медалийг нислэгээ дуусгасан сансрын нисэгчдэд олгодог уламжлал тогтсон байна.
Учир нь, тоормозны системд доголдол гарсны улмаас Гагарины буугч аппарат төлөвлөсний дагуу Сталинградаас 110 км-ийн зайд бус харин Саратов мужийн Энгельс хотын ойролцоо буужээ. Энэ нутагт 1954 онд атар газар эзэмших аян өрнөсөн байна.












































































