Италийн дэд ерөнхий сайд, Тээврийн сайд бөгөөд “Лига” намын удирдагч Маттео Сальвини Оросоос эрчим хүчний бүтээгдэхүүн нийлүүлэлтийг эргэн сэргээхийг дахин дэмжжээ.
Тэрбээр Милан хотод Европын баруун жигүүрийн “Европын төлөөх эх орончид” нэртэй цуглаан дээр үг хэлэхдээ, АНУ Оросын газрын тосны худалдаа, худалдан авалтыг хориглосон хориг арга хэмжээг тавдугаар сарын 16-ныг хүртэл түр зогсоосныг онцолсон байна.
Тэр “Энэ бол хуучин ЗХУ-ын жижиг улс биш, харин дэлхийн хамгийн том ардчилалсан орон юм” гэж хэлжээ.
Сальвинигийн үзэж буйгаар, Брюссель АНУ-ын жишээг дагах ёстой аж. Тэрбээр “Үйлдвэр, сургууль, эмнэлгүүдийг хаахын оронд бид дэлхийн хаанаас ч, тэр дундаа Оросоос ч байгалийн хий, нефть худалдан авах ёстой. Учир нь, бид Оростой дайтаагүй” гэж уриалжээ.
Мөн тэр Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйен эрчим хүчний хямралтай тэмцэх санал шүүмжлэлд өртөж байгааг онцолж, үүнийг “шинэ локдаун” гэж нэрлэсэн байна.
Тэрбээр “Европын Комисс дизель түлш, цахилгаан, хийн үнийг бууруулахын тулд “бага ажиллах, бага аялах, халаалтаа багасгах, агааржуулагч хэрэглэхгүй байх, гэрэлтүүлгийг багасгах” зэрэг арга хэмжээ санал болгож байгаа нь бодит байдалд нийцэхгүй” гэжээ.
Сальвини мөн Италийн эдийн засгийн өсөлтийг хязгаарлаж байна гэж үздэг ЕХ-ны “ногоон шилжилт”-ийн бодлогыг шүүмжилж, Тогтвортой байдлын гэрээг түр зогсоох шаардлагатай гэж мэдэгдсэн байна.
Тэрбээр “ногоон бодлого” нь Италийн эдийн засгийг хязгаарлаж буй “үзэл суртлын мангас” гэж нэрлэжээ.
Европын Комиссын дарга фон дер Ляйен саяхан Ойрхи Дорнодын мөргөлдөөн, Ормузын хоолойн нөхцөл байдал нь ЕХ-ны эдийн засагт ноцтой сөрөг нөлөө үзүүлж буйг хүлээн зөвшөөрсөн байна.
Тэр “Үүний улмаас Европ сүүлийн нэг сар хагасын хугацаанд түлшинд нэмэлтээр 20 тэрбум еврогоос илүү зарлага гаргасан” гэж мэдээлжээ.
Эх сурвалж: RIA NOVOSTI












































































