БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ордос хотноо болж буй жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж, манай улсаас алт, мөнгөн медаль хүртэв.
Тэмцээний эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өсвөрийн Дэлхийн аварга, Олон улсын хэмжээний мастер Т.Ариунзаяа БНАСАУ-ын бөхөд ялагдсанаар мөнгөн медалиар энгэрээ мялаалаа. Тэрбээр ААШТ-ээс хоёр дахь мөнгөн медалиа ийнхүү хүртэж буй юм.
Мөн 63 кг-ын жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин Л.Энхрийлэн алтан медаль хүртэж, төрийн дууллаа Ордос хотын ордонд эгшиглүүллээ. Түүний хувьд Азийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр дахиа түрүүлж байгаа нь энэ.
Тэрбээр гурван жил дараалан финалдахдаа хоёр алт, нэг мөнгөн медаль авсан. Мөн ААШТ-д хоёр түрүүлсэн Монголын тав дахь жүдоч болов. Түүнчлэн хоёр өөр жинд түрүүлсэн Монголын хоёр дахь жүдоч болж байна.
Харин 70 кг-ын жинд барилдсан ОУХМ С.Лхагвадулам хүрэл медалийн төлөөх барилдаанд Энэтхэгийн бөхөд дийлдэж, шагналт 5-р байрт шалгарчээ.
Хоёр өдрийн дараах байдлаар Монголын баг гурван алт, нэг мөнгө, нэг хүрэл медальтайгаар хүснэгтийг тэргүүлж буй бол Тажикстан, БНАСАУ удаалж байна.
Өнөөдөр эрэгтэйчүүдийн 90, -100, +100, эмэгтэйчүүдийн -78, +78 кг-ын жингийн барилдаанууд болно. Харин ням гарагт багийн барилдаан болсноор ААШТ өндөрлөх ажээ.
















































































