Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Беларусь улсыг Украинтай дайтахаас сэрэмжлүүлжээ. Тэрбээр дөрөвдүгээр сарын 17-ны баасан гарагт “Украины тагнуулын мэдээллээр Беларусь Украинтай хил залгаа бүсэд зам барьж, их буу байрлуулах, буудлага хийх газруудыг урьдчилан засч, бэлдэж байна” гэж мэдэгдсэн аж.
Зеленский “Орос улс дахин Беларусь улсыг өөрийн дайнд татан оролцуулахыг оролдох болно гэж бид үзэж байна” хэмээн Telegram сувгаараа мэдэгдсэн байна. Тэрбээр Беларусь дахь цэргийн идэвхжил нэмэгдсэнийг ОХУ-аас цэргийн хүчээ дахин зохион байгуулж, хүний нөөцийн дутагдлаа нөхөх оролдлоготой холбон тайлбарлажээ.
Мөн Зеленский “Украин улс өөрийн газар нутаг, тусгаар тогтнолоо хамгаалахад бэлэн гэж Беларусь улсын удирдлагад албан ёсоор анхааруулсан” гэж мэдэгдсэн байна.
Тэрбээр Венесуэлд болсон сүүлийн үйл явдлыг дурдан, “Эдгээр нь Беларусь улсын удирдлагад буруу шийдвэр гаргахын аюулыг сануулах ёстой” гэж онцолжээ. Тэр АНУ-ын цэргийн ажиллагаа болон Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог баривчилсныг хэлж байгаа аж.
Лукашенко: Беларусь дайнд бэлдэж байна
Беларусийн удирдагч Александр Лукашенко дөрөвдүгээр сарын 1-нд болсон зэвсэгт хүчний бэлэн байдлын хурал дээр “Манай улс дайнд бэлдэж байна” гэж мэдэгджээ.
Тэрбээр “Хэрэв хэн нэгэн бидэнтэй зэвсгээр ярилцахыг оролдвол бид хариу барина. Бид үүнд бэлтгэж байна” гэж хэлсэн байна.
Лукашенкогийн хэлснээр, дайны нөхцөлд Беларусь улс цэргийнхээ тоог 500 мянгад хүргэх боломжтой аж.
Тэр “Цэргийн бэлэн байдлын шалгалтын үеэр өгсөн үүрэг даалгавар, хэрэгжилтийн хурд геополитикийн нөхцөл байдал, мөн хил орчмын бүс нутаг дахь аюул заналтай холбоотой” гэж тайлбарлажээ.
Лукашенко өмнө нь “Беларусь руу халдвал энэ нь дэлхийн гуравдугаар дайны эхлэл болно” гэж анхааруулж байв.
Эх сурвалж: DW












































































