Францын зүүн хэсэгт 9 настай хүүг 2024 оноос хойш эцэг нь ажлын зориулалттай фургон машиндаа түгжиж байсныг илрүүлж, авран гаргасан талаар орон нутгийн прокурор мэдээлжээ. Хүүг эмнэлэгт хүргэж, эцгийг нь саатуулсан байна.
Hagenbach тосгонд, Швейцарь болон Германы хил орчимд амьдардаг нэгэн хөрш даваа гарагт “Фургоноос хүүхдийн дуу гарч байна” гэж цагдаад мэдэгдсэн аж. Энэ тухай прокурор Николя Хайц бямба гарагт мэдэгдэл хийхдээ дурджээ.
Цагдаа нар фургоны хаалгыг хүчээр онгойлгоход хүү “овоолсон хогон дээр, өтгөн ялгадасны ойролцоо, нүцгэн биед нь хөнжил нөмөрсөн, эврэх хэвтсэн” байдалтай олдсон байна.
Тэрбээр илт турж эцэн, тэжээлийн дутагдалд орсон байсан бөгөөд удаан хугацаанд суусан байрлалтай байснаас болж явж чадахаа больсон байжээ.
Хүүгийн эцэг мөрдөн байцаалтын явцад “хамгаалах зорилгоор” 2024 оны арваннэгдүгээр сард хүүгээ машинд хийсэн гэж мэдүүлсэн байна. Учир нь, тэр хамтран амьдрагч нь тухайн үед 7 настай байсан хүүг сэтгэцийн эмнэлэгт явуулахыг хүссэн гэж тайлбарлажээ.
Прокурорын хэлснээр, хүү алга болохоосоо өмнө сэтгэцийн ямар нэг асуудалтай байсан тухай эмнэлгийн бүртгэл огт байгаагүй, сайн сурлагатай хүүхэд байсан аж.
Хүү өөрөө мөрдөн байцаагчдад хэлэхдээ, эцгийнхээ хамтран амьдрагчтай “маш их бэрхшээлтэй харилцаатай” байсан бөгөөд эцэг нь “өөр сонголтгүй болсон” гэж бодсон гэжээ. Мөн тэр 2024 оноос хойш усанд ороогүйгээ хэлсэн байна.
Хүүгийн эцэгт хүн хулгайлах зэрэг урьдчилсан ял тулган, цагдан хорьжээ. Харин түүний хамтран амьдрагч “Хүү фургонд байсан талаар мэдээгүй” гэж мэдүүлжээ. Түүнд аюулд орсон хүүхдэд туслаагүй гэх зэрэг урьдчилсан ял оноож, шүүхийн хяналт дор сулласан байна.
Мөн хүүгийн 12 настай эгч болон эцгийн хамтран амьдрагчийн 10 настай охиныг нийгмийн халамжийн байгууллагын асрамжид шилжүүлжээ.
Прокурорын байгууллага уг хэрэгт өөр хүмүүс оролцсон эсэх, эсвэл мэдэж байсан эсэхийг шалгаж байгаа аж.
Хүүгийн найз нөхөд, гэр бүлийнхэн нь түүнийг сэтгэцийн эмнэлэгт байгаа гэж бодож байсан бол багш нарт нь өөр сургуульд шилжсэн гэж хэлсэн байжээ.
Эрх баригчид хохирогч болон түүний гэр бүлийн гишүүдийн нэрийг олон нийтэд зарлаагүй байна.
Hagenbach тосгоны оршин суугчид энэ хэргийг сонсоод цочирдож, хүү хаана байгааг мэдээгүй байсан ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзжээ.
Прокурор хэрэг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа тул нэмэлт тайлбар өгөхөөс татгалзсан байна.
Эх сурвалж: CNN












































































