Украин болон Оросын талууд бие биенээ Ортодокс Пасхатай холбогдуулан зарласан гал зогсоох хэлэлцээрийг зөрчсөн гэж буруутгасан байна.
Украины Зэвсэгт хүчний Ерөнхий штабын мэдээлснээр, дөрөвдүгээр сарын 11-ний бямба гаргийн 16:00 цагаас (Москвагийн цагаар ижил) эхлэн нийт 469 удаагийн гал зогсоох дэглэм зөрчигдсөн тохиолдол бүртгэгджээ.
Тэдгээрээс 22 нь дайсны довтолгооны ажиллагаа, 153 нь их бууны гал, 19 нь “Ланцет”, “Молния” зэрэг камикадзе дроноор хийсэн цохилт, 275 нь FPV дрон ашигласан довтолгоо байсан гэж мэдээлсэн байна.
Мөн Украины тал “Дөрөвдүгээр сарын 11-ний байдлаар Оросын зэвсэгт хүчин нийт 57 удаа агаарын цохилт өгч, 182 удирдлагатай тэсрэх бөмбөг хаяж, 3928 камикадзе дрон ашиглан цохилт хийсэн бөгөөд 2454 удаагийн их бууны гал нээсэн” гэж мэдэгджээ.
Северо-Слобожанск болон Курскийн чиглэлд дөрвөн удаагийн байлдааны мөргөлдөөн гарч, 45 удаа гал нээснээсс дөрөвд нь пуужингийн олон цэнэгт систем ашигласан гэж нэмж мэдээлсэн байна.
Мөн Өмнөд-Слобожанск, Купянск, Лиманск, Славянск зэрэг чиглэлүүдэд ч халдлага бүртгэгджээ.
Украины Зэвсэгт хүчин Константиновск чиглэлд дайсны 19 довтолгоог няцаасан бол Покровск чиглэлд 18 довтолгоо бүртгэгдсэн байна. Тус чиглэлд 67 орос цэрэг амиа алдаж, 24 нь шархадсан гэж Украины тал мэдээлж, мөн зэвсэг техник, дронууд устгагдсан гэжээ.
Александровск, Гуляйполе, Орехов, Днеприйн чиглэлүүдэд мөн довтолгоо гарч, Херсон хот агаарын цохилтод өртсөн байна.
Нөгөө талаар Александр Хинштейн Курск мужийн амбан захирагч мэдэгдэхдээ, Украины дрон Льгов хотын шатахуун түгээх станцад халдаж, гурван хүн шархадсан гэжээ.
Шархадсан хүмүүсийн дунд нэг настай хүүхэд байсан бөгөөд түүний толгойд хэлтэрхийн шарх үүссэн байна. Мөн хүүхдийн ээж тархи болон мэдрэлийн системийн гэмтэл авч, нэг эрэгтэй гуяны гэмтэлтэйгээр эмнэлэгт хүргэгдсэн гэж мэдээлжээ.
Гал зогсоох тухай мэдэгдэл
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин дөрөвдүгээр сарын 11-ний 16:00 цаг (Москва ба Киевийн цагаар)-аас эхлэн дөрөвдүгээр сарын 12-ныг дуустал Украинтай гал зогсоох шийдвэр гаргасан талаар Кремлийн албан ёсны сайтад дөрөвдүгээр сарын 9-нд мэдээлсэн байна.
Үүний хариуд Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ч “харилцан адил” арга хэмжээ авахад бэлэн байгаагаа мэдэгдэж, Украин өмнө нь ч Пасхагийн үеэр гал зогсоох санал гаргаж байсныг сануулжээ.
Тэрбээр “Украин харилцан адил арга хэмжээ авахад бэлэн гэдгээ олон удаа илэрхийлсэн. Бид энэ жилийн Пасхагийн баярын үеэр гал зогсоохыг санал болгож байсан.
Хүмүүст айдасгүй Пасха хэрэгтэй бөгөөд энх тайван руу бодит ахиц гарах ёстой” хэмээн онцолж, Орост Пасханы дараа ч гал нээхгүй байх боломж бийг дурдсан байна.
Эх сурвалж: DW












































































