“Монгол судлалын шинэ эрин VI” олон улсын эрдэм шинжилгээний хурал энэ сарын 16, 17-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн хурал цар хүрээгээ улам тэлж, дэлхийн олон орны эрдэмтэн судлаачдыг нэгтгэж буйгаараа онцлог юм.
Өнөөдрийн байдлаар Монгол Улс, АНУ, Канад, ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, БНУУ, Энэтхэг зэрэг арваад орны 30 гаруй их, дээд сургууль, 17 судалгааны байгууллага, хүрээлэнгийн нийт 153 эрдэмтэн, судлаач биечлэн болон цахимаар оролцохоор бүртгүүлжээ.
Хурлын хүрээнд Монгол судлалын өргөн хүрээний асуудлуудыг хөндөн хэлэлцэх бөгөөд үүнд Монголын түүх, археологи, нийгэм, хууль эрх зүй, улс төр, монгол болон харьцуулсан хэл шинжлэл, уран зохиол, сэтгүүл зүй, олон нийтийн харилцаа, соёл судлал зэрэг олон салбар багтаж буй аж.
Энэ нь Монгол судлалын салбар дундын судалгааг гүнзгийрүүлж, шинэ үр дүн, хандлагыг тодорхойлоход чухал ач холбогдолтой юм. Хурлын дэлгэрэнгүй хөтөлбөрийг Монгол Улсын Боловсролын Их Сургууль-ийн албан ёсны цахим хуудсаар дамжуулан үзэх боломжтой.
Дашрамд дурдахад, тус хурлыг анх 2004-2010 оны хооронд “Монгол судлалын олон улсын эрдэм шинжилгээний хурал” нэртэйгээр жил бүр зохион байгуулж байсан бол 2011 оноос эхлэн Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургууль болон Монгол судлалын хүрээлэн хамтран “Монгол судлалын шинэ эрин” нэрийн дор хоёр жил тутамд тогтмол зохион байгуулсаар ирсэн билээ.
Уг хурал жилээс жилд ийн өргөжин тэлж, Монгол, АНУ, Канад, ОХУ, БНХАУ, Энэтхэг, Япон, БНСУ, БНУУ зэрэг олон орны эрдэмтэн судлаачдыг нэгтгэсэн, Монгол судлалын салбарын нэр хүндтэй, томоохон олон улсын арга хэмжээ болон хөгжиж байна.












































































