Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский 1994 оны арванхоёрдугаар сард улс орон нь цөмийн зэвсгээс татгалзсан шийдвэрийг “том алдаа” байсан гэж үзэж буйгаа илэрхийлжээ.
Тухайн үед Украин улс АНУ, Их Британи, Франц, Хятад болон ОХУ-аас аюулгүй байдлын баталгаа авахын тулд цөмийн арсеналаасаа татгалзсан нь Будапештийн меморандумаар зохицуулагдсан аж.
Тэрбээр энэхүү байр сууриа Британийн сэтгүүлч Аластер Кэмпбелл болон Рори Стюарт нарын хөтөлдөг “The Rest Is Politics” подкастын дөрөвдүгээр сарын 9-нд нийтлэгдсэн дугаарт илэрхийлжээ. Мөн ярилцлагын хэсгээс өөрийн Telegram сувгаар дөрөвдүгээр сарын 10-нд хуваалцсан байна.
Зеленский “Украин цөмийн зэвсгээс татгалзахад нөгөө талын төлөх ‘үнэ’ шударга байх ёстой байсан. Миний бодлоор, Украин цөмийн зэвсгээ өгснийхөө хариуд дор хаяж НАТО-д элсэх эрх авах ёстой байсан. Харин бид юу авсан бэ? Юу ч биш. Энэ бол шударга бус тоглолт бөгөөд том алдаа байсан” хэмээн мэдэгджээ.
Түүний хэлснээр, Будапештийн меморандумд гарын үсэг зурсан бусад улс орнууд Украинд “аюулгүй байдлын хамгаалалтын ‘шүхэр’” бий болгох ёстой байсан аж.
Тэр “Эцэст нь энэ бүхэн худал хуурмаг зүйл байсан. Манай цөмийн зэвсгийн нэлээд хэсгийг ОХУ-д шилжүүлсэн. Жишээлбэл, стратегийн нисэх онгоцуудыг өнөөдөр Орос улс бидний эсрэг дайнд ашиглаж байна” гэж онцолсон байна.
Зеленский өмнө нь ч шүүмжилж байсан
Зеленский өмнө нь ч Украин цөмийн зэвсгээс татгалзсан шийдвэрийг шүүмжилж байжээ. Тэрбээр 2025 оны нэгдүгээр сард Италийн “Il Foglio” сонинд өгсөн ярилцлагадаа уг шийдвэрийг “тэнэг бөгөөд хариуцлагагүй” гэж тодорхойлсон байна.
Тэр “Украин цөмийн зэвсгээ бараг бэлэглэсэнтэй адил. Хэрвээ би ийм солилцоо хийх байсан бол илүү хүчтэй зүйлээр – ямар ч түрэмгийлэгчийг зогсоож чадах баталгаагаар солих байсан. Тэр нь хүчирхэг арми болон НАТО-гийн аюулгүй байдлын систем юм” гэж хэлжээ.
Мөн 2025 оны хоёрдугаар сард Британийн сэтгүүлч Пирс Морганд өгсөн ярилцлагадаа, хэрэв Украин НАТО-д элсэж чадахгүй бол барууны орнууд цөмийн зэвсэг олгох нь хангалттай аюулгүй байдлын баталгаа болж чадна гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна.
Түүний үзэж буйгаар, ийм алхам нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг дахин халдлага үйлдэхээс сэргийлж чадах аж.
Эх сурвалж: DW













































































