Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам (ССАЖЗЯ)-наас Монгол Улсын соёлын үнэт өв, түүхийн ховор олдворуудыг хамгаалах, хууль бусаар хил дамнасан эд зүйлсийг эх оронд нь эргүүлэн татах чиглэлээр тасралтгүй, үр дүнтэй арга хэмжээ авч хэрэгжүүлж буй.
Энэхүү ажлын хүрээнд ССАЖЗЯ-ны Соёлын өвийн хэлтсийн дарга Б.Даваацэрэнгээр ахлуулсан ажлын хэсэг 2026 оны дөрөвдүгээр сарын 14-нөөс 17-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Франц Улс (БНФУ)-ын Парис хотноо албан томилолтоор ажиллажээ.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Парис хотноо дараах үндсэн чиглэлээр ажиллаж, зохих үр дүнд хүрсэн байна. Үүнд:
Олдворын төлөв байдлын үзлэг, баримтжуулалт: Монгол Улсаас хууль бусаар гарсан үлэг гүрвэлийн олдворуудын хадгалалт, хамгаалалтын төлөв байдалд нарийвчилсан үзлэг хийж, мэргэжлийн түвшинд бүртгэлжүүлэн баримтжуулжээ.
Дипломат хамтын ажиллагаа: БНФУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яамны холбогдох албан тушаалтнуудтай уулзалт зохион байгуулж, олдворуудыг албан ёсоор хүлээн авах, тээвэрлэхтэй холбоотой хууль эрх зүйн орчин болон зохион байгуулалтын асуудлуудыг нарийвчлан хэлэлцэж, шийдвэрлэсэн байна.
Тээвэрлэлтийн логистик төлөвлөлт: Олон улсын соёлын өвийн тээвэрлэлтийн чиглэлээр мэргэшсэн “Гроспирон” (Grospiron) компанийн төлөөлөлтэй уулзаж, үнэлж баршгүй түүхэн олдворуудыг эх оронд нь аюулгүй, олон улсын стандартын дагуу тээвэрлэн авч ирэх логистикийн төлөвлөгөө гаргажээ.
Монгол Улсын Засгийн газар болон ССАЖЗЯ-ны зүгээс дэлхийн өнцөг булан бүрд буй соёлын үнэт өвөө эрэлхийлэн олж тогтоох, хамгаалах, соёлын өвийн эсрэг хууль бус худалдааг таслан зогсоох чиглэлд олон улсын түвшинд идэвхтэй, тууштай ажиллаж буйн нэгэн бодит илрэл нь энэхүү үйл ажиллагаа болж байна.















































































