АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гал зогсоох хэлэлцээрийн хугацаа дуусч, шинэ тохиролцоо байгуулагдахгүй тохиолдолд Ираны эсрэг цэргийн ажиллагааг дахин эхлүүлэх тушаал өгөхөд бэлэн байгаагаа мэдэгджээ.
Тэрбээр PBS News телевизэд ярилцлага өгөхдөө “Тэгвэл маш олон бөмбөг дэлбэрнэ” хэмээн хэлсэн бөгөөд хоёр долоо хоногийн гал зогсоох хугацаа сунгагдахгүй бол нөхцөл байдал хурцдахыг анхааруулсан байна.
Трамп АНУ болон Ираны талууд Пакистаны нийслэл Исламабад хотод хэлэлцээг үргэлжлүүлэхээр тохиролцсон гэж мэдэгдсэн ч Ираны тал төлөөлөгчөө илгээх эсэх нь тодорхойгүй байгааг хүлээн зөвшөөрч, “Тэд очно гэж төлөвлөсөн, гэхдээ үүнийг үгүйсгэж байгаа, очих эсэхийг харъя” гэж хэлжээ.
Мөн тэрбээр хэлэлцээний гол зорилго Ираныг цөмийн зэвсэгтэй болохоос сэргийлэх явдал гэж онцолсон байна.
Америкийн удирдагч түүний хүргэн Жаред Кушнер хэлэлцээнд оролцож байгаа нь ашиг сонирхлын зөрчил гэж үзэхгүй байгаагаа илэрхийлж, хэлэлцээ зөвхөн Ираны цөмийн зэвсгийн асуудалд төвлөрч байгаа, пуужингийн хөтөлбөр болон бүс нутгийн зэвсэгт бүлэглэлүүдийг дэмжих зэрэг бусад асуудлууд ч өмнө нь яригдаж байсныг дурджээ.
Үүнээс гадна Трамп бензиний үнэ ирэх жил 3 ам.доллар хүртэл буурч магадгүй гэсэн Эрчим хүчний сайд Крис Райтын таамагтай санал нийлэхгүй байгаагаа илэрхийлжээ.
Тэр хэрэв Ирантай холбоотой мөргөлдөөн дуусвал үнэ огцом буурна гэж үзэж байгаагаа хэлсэн бол Politico-ийн мэдээлснээр, Бүгд найрамдах намын стратегичид түлшний үнэ буурахгүй бол ирэх завсрын сонгуульд нам нь хүнд байдалд орно гэж үзэж буйргаа илэрхийлсэн байна.
Мөн тэд “Одоогийн байдлаар АНУ-д бензиний дундаж үнэ галлон тутамд 4.042 ам.доллар байна. Магадгүй ирэх жил л 3 ам.долларын түвшинд хүрэх боломжтой” гэж хэлжээ.
Эх сурвалж: TASS












































































