Монголын Үндэсний Бөхийн Холбоо (МҮБХ)-ноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг, 1.5 тэрбум төгрөгийн шагналын сантай “Алтан цом”-ын барилдаан амжилттай болж өндөрлөв.
“Алтан цом”-ын барилдааны тэргүүн байрын төлөө Улсын арслан Р.Пүрэвдагва ахлагчтай, “Хатант интернэшнл” ХХК-ийн “Хатант интернэшнл” баг Улсын арслан Э.Батмагнай ахлагчтай М-Си-Эс группийн “М-Си-Эс Энержи” багууд өрсөлдөж, “Хатант интернэшнл” баг аваргаар шалгарч, “Алтан цом”-оо өргөлөө.
Өчигдөр “Алтан цом”-ын гуравдугаар байрын төлөөх барилдаанд Дархан аварга Н.Батсуурь ахлагчтай “Хамаг Монгол” баг, Улсын арслан Б.Орхонбаяр ахлагчтай “АПУ Скайтел” баг өрсөлдөж, “Хамаг Монгол” 14:11 харьцаагаар ялсан.
Энэхүү барилдааны тэргүүн байрыг эзэлсэн “Хатант интернэшнл” баг 500 сая төгрөг, дэд байр эзэлсэн “М-Си-Эс Энержи” 250 сая төгрөг, гуравдугаар байр эзэлсэн “Хамаг Монгол” баг 150 сая төгрөг тус тус гардсан бол дөрөвдүгээр байр 100 сая, тавдугаар байр 65 сая, зургадугаар байр 60 сая, 7-8 дугаар байрт шалгарсан багууд тус бүр 50 сая төгрөгийн бай шагналын эзэд боллоо.
Улсын арслан, “Алтан цом”-ын хошой аварга “Хатант Интернэшнл” багийн дасгалжуулагч Р.Пүрэвдагва “Хоёр алтан цом өргөж байна. Э.Батмагнай арслан үнэхээр сайн байсан. Бид бусад дөрвөн бөх дээр анхаарал хандуулж, ялалт авлаа. Залуучуудаараа бахархаж байна” хэмээн сэтгэгдлээсээ хуваалцсан юм.
Улсын арслан Э.Батмагнай 42 барилдсанаас 40 давсан амжилтаар “Алтан цом”-ын “Манлай бөх”-өөр шалгарав.











































































